sonin.mn

 

Төрийн үйлчилгээний албан хаагч сонгуульд нэр дэвшиж болох тухай цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул уг маргааныг өнөөдөр дахин хянахаар Үндсэн хуулийн цэц их суудлаар өнөөдөр хуралдав.

 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасны “...бусад төрийн албан хаагч...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц өмнө нь гаргасан билээ.

УИХ энэ сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч,” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчлөн баталснаараа хэт өргөн хүрээнд тавьсан шаардлагыг тодорхой болгож Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийн агуулгад нийцүүлсэн байна гэж Үндсэн хуулийн цэц үзлээ.

Мөн Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны явцад өргөдөл гаргагч, иргэн Ч.Өлзийсайхан нь УИХ-аас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан дээрх өөрчлөлт нь түүний өргөдлийн шаардлагыг бүрэн хангасан байна гэж үзснийг Үндсэн хуулийн цэц хуралдаанаас гаргасан тогтоолдоо дурдаад, УИХ-ын холбогдох тогтоолыг хүчингүй болгов.