sonin.mn

ХААН Банк Сангаас "Аутизмтай хүүхдүүдийн төлөө хамтдаа" аяныг дэмжиж, хүүхдүүдэд эмчилгээний тоног төхөөрөмж хандивлалаа.

 

Тус сангаас "Аутизм Монгол-Анд" ТББ-ын дэргэдэх “Анүүлэн Аз жаргал” цэцэрлэгт 7.8 сая төгрөгийн өртөг бүхий хүчил төрөгч өтгөрүүлэгч, тасалгааны агаар ариутгагч, захын судасны хүчилтөрөгчийн хангамж хэмжигч, цээж, нуруунд даралт үүсгэгч жилет, автомат халуун хэмжигч аппарат зэрэг эмнэлгийн болон сургалтын хэрэгцээний техник хэрэгсэл гардуулав.

Монголд 20 мянга гаруй аутизмтай иргэн байдаг гэсэн тоо байдаг. Энэхүү эмгэг хөвгүүдийн дунд 42 тохиолдолд 1, охидын дунд 189 тохиолдолд 1 илэрдэг байна. Аутизмын шалтгааны хувьд өнөөг хүртэл тодроогүй, эрдэмтдийн хувьд маргаантай хэвээр байгаа бөгөөд манай улсад аутизм байж болзошгүй гэх тохиолдол сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэх болжээ. Энэ нь аутизмын тухай мэдээлэл нийтэд хүрэх болсноор ойролцоо шинж тэмдэг бүхий тохиолдол бүртгэгдэж байгаатай холбоотой юм.

"Аутизм Монгол-Анд" ТББ нь Монголд аутизмтай хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Аутизмын эмгэгтэй байж болзошгүй хүүхдүүдэд оношилгоо хийлгэхэд туслах, оношлогдсон хүүхдүүдийг эмчилгээний сургалт засалд  хамруулах, тэдний эцэг эхчүүдэд сэтгэлзүйн болон мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Мөн “Анүүлэн Аз жаргал” цэцэрлэгт Аутизмын эмгэгтэй хүүхдүүдийг хамруулан тэдний онцлогт тохирсон хөгжлийн үе шаттай нийгэмшүүлэх сургалтыг явуулж байна.

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг