sonin.mn
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” олон улсын анхдугаар чуулга уулзалтад оролцож байгаа гадаад, дотоодын судлаач, эрдэмтдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч “Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” олон улсын анхдугаар чуулга уулзалтад хүрэлцэн ирж үнэтэй санал, дүгнэлт хэлж, илтгэл хэлэлцүүлж буй эрхэм  зочдод талархал илэрхийлээд тэдний үгийг сонссон юм. Уулзалтын салхийг хагалж ноён Гари Хо биотеxнологи, хөдөө аж ахуй, технологийн паркууд, чөлөөт бүс хөгжүүлэх талаар хөндөн ярьсан бол хатагтай Катлин Кеннеди цаг үеэс шалтгаалан шинжлэх ухаан, технологийн ололт амжилтууд хурдацтай өөрчлөгдөж буйг онцоллоо.
 
Ноён Ким Хак Мин инновацийн системд үндэслэсэн бизнесийн хөгжил, ноён Билл Оделл шинжлэх ухаан, технологийн хөгжил дизайны салбарын уялдаа, холбооны талаар дурдаж байв. Ноён Салах Ал-Мазиди Кувейтын  хөгжлийн төлөвлөгөөн дэх үндэсний инновацийн экосистем, мэдлэгийн эдийн засгийн талаар дэлгэрэнгүй ярив. Ноён Хэрбэрт Чен БНХАУ-ын алдар нэртэй их сургуулийн нэг болох Цинхуа их сургуулийн туршлага, Хятадын шинжлэх ухаан, технологийн паркуудын хөгжлийн талаар сонирхуулав.  
 
Зочид Монголын шинжлэх ухаан, технологийн салбарын ололт амжилттай танилцах, эрдэмтэдтэй санал хуваалцах бололцоо гарна гэдэгт найдаж буйгаа хэлж,шинжлэх ухаан, технологийн инкубатор хөгжүүлэх, шинэ залуу үеийн эрдэмтдийг сурган боловсруулах талаар мөн санал байр сууриа илэрхийлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын төгсгөлд байр суурь, санал бодлоо хэлсэн эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлэн амжилт хүсч, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон ШУА-ийн эрдэмтэдтэй уулзаж Монголын шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна гэдэгт итгэж байна гэлээ.
 
Уулзалтад Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, ШУА-ын ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Хонконгийн “SQW China” компанийн захирал Гари Хо, АНУ-ын Массачусетсийн технологийн институтийн төлөөлөгч Катлин Кеннеди, БНСУ-ын "Сүн Чун Хянг" их сургуулийн Судалгаа Хамтын Ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Ким Хак Мин, АНУ-ын ХOK архитектурын фирмийн ерөнхий дизайнер Билл Оделл, БНХАУ-ын Цинхуа их сургуулийн Шинжлэх ухааны паркийн (TUS Park) дэд ерөнхийлөгч Хэрбэрт Чен, АНУ-ын алдарт Цахиурын хөндийн уугуул, Расмуссин Интернэйшнл компанийн төлөөлөгч Рик Расмуссин, Кувейтын Шинжлэх ухааны судалгааны институтын ахлах зөвлөх бөгөөд xувьчлалын дээд зөвлөлийн гишүүн Салах Ал-Мазиди, АНУ-ын "USBC" болон Хөрөнгө оруулалтын салбарын төлөөлөгч Майкл Гуревич, Японы Шинжлэх ухаан, технологийн Агентлагийн Ерөнхийлөгчийн зөвлөх Мазуо Айзава, БНСУ-ын Технопаркийн холбооны тэргүүн, "Гёнбүк" технопаркийн ерөнхийлөгч Ри Жэ Хүүн, БНСУ-ын Ханкёнг Үндэсний их сургуулийн Архитектур инженеринг, архитектурын сургуулийн профессор Чой Донг Үүк, БНСУ-ын KAIST -ийн Гадаад харилцаа холбооны төвд судлаач эрдэмтэн Ким Гуан Ён, Финландын Оюү Каростеч компанийг үүсгэн байгуулагч Илкка Какко, АНУ-ын "Harness Dickey & Pierce" ХК-ийн хуульч Элизабет Оделл нарын эрдэмтэн оролцлоо.