sonin.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өргөн барилаа.

 

Монгол Улсад урт хугацааны тогтвортой санхүүгийн эх үүсвэрийг бүрэлдүүлэх замаар банкны салбарыг хөрөнгөжүүлэх, улмаар эдийн засаг дахь санхүүжилтийн орчинг бүрдүүлэх нь банкны салбарын өмнө тулгамдаж буй гол сорилтууд болоод байгаа аж. 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн дагуу мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.16-д “мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлнө” гэж заасан. Энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан хүүгийн орлогод  2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс албан татвар ногдуулж эхлэх юм байна.

Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах систем дэлхийн өндөр орлоготой ихэнх улсад хэрэгждэг. Харин манай улсын хувьд эдийн засгийн өсөлт саарсан, хадгаламжийн хэмжээ бага байгаа, иргэдийн орлого зарлагын харьцаа сайнгүй энэ цаг үед хэрэгжүүлж эхлэх нь иргэд, харилцагчид санхүүгийн хүндрэл бий болгох, банкин дахь эх үүсвэрээ буцаан татах гэх мэт сөрөг үр дагаварыг үүсгэж болзошгүй байх тул хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах хугацааг дахин сунгах саналыг Монголын банкны холбооноос гаргасан байна. Тус саналын дагуу Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсон болохоо Улсын Их Хурлын даргад танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.