sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Оюун нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

 

Монгол Улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал нь 2014 оны эцсийн дүнгээр 967 МВт байгаа ба нийт үйлдвэрлэсэн цахилгааны 4 орчим хувь нь нар, салхи, усны эрчим хүчний эх үүсвэр эзэлж байгаа юм. Мөн салхины эрчим хүчний таван төсөлд эрчим хүчний барилга байгууламж барих, төслүүдээ эхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн байгууллагуудаас олгоод байгаа аж.

Манай улс нь нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй боловч тоног төхөөрөмжийг холоос тээвэрлэх, цаг уурын онцлог байдал зэргээс хамааран төслийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шалтгаан болж байгаа юм. Түүнчлэн ашиглалтад орсон сэргээгдэх эрчим хүч буюу салхины эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэлд ялангуяа шөнийн цагаар хязгаарлалт хийж байгаа зэрэг төслийн ашгийг бууруулах, хөрөнгө оруулалт нөхөх хугацааг уртасгах нөхцлийг бий болгоод байгаа юм байна.

Иймд үйл ажиллагаа явуулж буй нарны зайн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдийг дотооддоо үйлдвэрлэсэн, чанарын шаардлага хангасан, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах үүднээс сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн буюу нарны зайн дэлгэц үйлдвэрлэх түүхий эдийг импортын татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.

Энэхүү хуулийн төслөөр сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхины тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд, сэлбэг, үйлдвэрлэлийн түүхий эдийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр хэрэглэгчдэд борлуулах бүтээгдэхүүний үнэ буурч, зах зээл дээрх эрэлт бий болсноор, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц болох ба айл, өрх, жижиг, дунд хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх давуу талтай юм.

Энэ үеэр гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаа ч 100 хувиар татвараас чөлөөлөх нь зөв үү, нэг удаа чөлөөлөх үү эсвэл байнга чөлөөлөх үү, салбар бүрт гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулиудыг батлаад байх нь хэр зөв бэ, хөнгөлөлт чөлөөлөлт олширвол төсвийн бүрдүүлэлтэд нөлөөлөх юм биш үү гэсэн асуудлыг лавлаж байв. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг