sonin.mn
Беларус улсын нийслэл Минск хотноо Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC)-ын 79 дүгээр хуралдаан 10 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус хуралдаанд Монгол Улс анх удаагаа оролцсон бөгөөд Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх П.Даш, СХЗГ-ын Мэдээлэл, Лавлагаа, сургалтын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батцэнгэл нар оролцлоо.    
Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC) нь цахилгаан болон электрон техник, бусад технологи (эдгээрийг нийтэд нь “цахилгаан технологи” гэдэг)-д хамаарах Олон улсын стандартыг боловсруулдаг дэлхийн стандартчиллын тэргүүлэгч байгууллага юм.  Монгол улс 2015 оны 1 дүгээр сараас эхлэн  “Түншлэгч Нэмэх буюу Affiliate Plus”  статустайгаар тус байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн.  
 
Монгол Улсын Шадар сайдын 2014 оны 93 дугаар тушаалаар үндэсний түвшинд цахилгаан, электрон техникийн салбарын стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого, зохицуулалтын уялдааг хангах үүрэг бүхий үйлдвэрлэгч, төрийн ба төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн “Цахилгаан техникийн үндэсний хороо”-ны бүрэлдэхүүнийг баталсан юм. 
 
Уг хуралдаан тогтвортой хөгжлийг хангах, олон улсын худалдаан дахь техникийн саад тотгорыг багасгахын тулд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, ухаалаг хотыг бий болгоход тус байгууллагын үүрэг роль их байгаад  анхаарал хандууллаа.  
 
Манай төлөөлөгчид Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC)-ын хөгжиж буй орнуудад зориулсан “Түншлэгч хөтөлбөр”-т хамрагдаж буй орнуудад зориулсан семинар, Үндэсний цахилгаан техникийн комиссын дарга, нарийн бичгийн дарга нарын семинарт оролцлоо. “Түншлэгч хөтөлбөр”-т зориулсан семинарын үеэр “Монгол Улс ба IEC стандартчилал” сэдвээр мэдээлэл хийж танилцуулан, Үндэсний цахилгаан техникийн хорооны үйл ажиллагаа, IEC стандартыг нутагшуулах, хэрэглэх талаар “Түншлэгч хөтөлбөр”-ийн гишүүн орнуудтай харилцан туршлага солилцлоо. “Түншлэгч хөтөлбөр”-ийн  хүрээнд IEC стандартын хэрэглээг бий болгохын тулд цахим сургалтад Улаанбаатар хотноо 2016 онд “Хөгжиж буй орнуудад зориулсан тохирлын үнэлгээ” сэдэвт сургалтыг зохион байгуулах талаар хүсэлт тавилаа.
 
Түүнчлэн Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газар болон Беларус улсын Үндэсний стандартчиллын байгууллагын удирдлагуудын уулзалтыг зохион байгуулж, стандартчиллын талаар хамтран ажиллах “Санамж бичиг”-т талууд гарын үсэг зурав. 
 
Монгол Улсын Үндэсний цахилгаан техникийн комиссын Зөвлөх  байгууллага Германы Улсын Үндэсний цахилгаан техникийн хорооны төлөөлөгчидтэй уулзалт хийв. Уулзалтын үеэр Монгол улсын Үндэсний цахилгаан техникийн хорооны хийсэн ажил, цаашид хийх ажлынхаа талаар болон эрчим хүчний салбарын стандартчиллын өнөөгийн байдал, IEC стандартыг нутагшуулах, хэрэглээг бий болгох талаар санал солилцож, тусгайлсан хөтөлбөр боловсруулах, хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо. 
 
Олон улсын цахилгаан техникийн комисстай үр ашигтайгаар хамтран ажиллах,  эрчим, электрон техникийн стандартчилал, тохирлын үнэлгээний талаар үндэсний түвшинд цаашид хийх ажлаа олон улсын түвшинд уялдуулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд уг томиолтын зорилго оршиж байлаа. 

.dpuf