sonin.mn
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар мэдээлэл хийв.
 
Монгол Улс хөгжлийнхөө тодорхой үе шатуудад Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” боловсруулж хэрэгжүүлсээр ирсэн нь учиртай юм. Тухайлбал өнгөрсөн 10 жилийн хувьд төмс, хүнсний ногоо, үр тариагаар өөрийгөө бүрэн хангадаг болохын тулд тодорхой бодлого зохицуулалттай ажилласны үр дүнд өнөөдөр дээрх асуудал шийдэгдээд байгаа. Тэгвэл ирэх 10 жилд ямар бодлого дэвшүүлж, хэрхэн зохицуулж ажиллах тухай УИХ-ын тогтоол батлагдав. Энэ чухал тогтоол батлагдсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагаас дараах тодруулга, ярилцлагыг авлаа.
 
-“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийг Засгийн газар хэзээ өргөн мэдүүлсэн бэ. Монголчууд ирэх 10 жилд аль хэр хоол ундтай байхад чухал үүрэгтэй энэ тогтоолын төслийг батлахад УИХ хэрхэн анхаарал хандуулав? 
 
-“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газраас 2015 оны зургаадугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг 2015 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 06 тоот тогтоолоор байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Су.Батболд, гишүүдээр УИХ-ын гишүүн А.Бакей, Ц.Дашдорж, С.Дэмбэрэл, Н.Номтойбаяр, С.Оюун, Д.Тэрбишдагва нар ажилласан юм. 
 
-Урьд нь яг ийм бодлогын баримт бичиг гаргаж байсан нь тодорхой. Харин энэ удаа батлагдсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолд ямар шинэчлэл, бодлогын зохицуулалт орсон бэ? 
 
-УИХ-аас 2003 онд баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” нь 2003-2008, 2009-2015 гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжиж дуусч байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дараагийн түвшинд хүргэх бодлогыг гаргах шаардлагатай болсон.
 
Ер нь Монгол Улс хөгжлийнхөө тодорхой үе шатуудад хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгээ шинэчлэх, бодлогын зарим өөрчлөлт оруулах шаардлагатай болдог. Тухайлбал Монгол Улс 2003 оны байдлаар 25.3 сая толгой малтай, эрчимжсэн мал аж ахуй уналтад орсон, жилд 165 мянган тонн үр тариа хураан авдаг, махны дотоодын хэрэгцээг хангадаг боловч сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангадаггүй байсан бол 2014 оны үзүүлэлтээр хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт 14.4 хувь, Дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь 12.2 хувьд хүрч, 51.9 сай толгой малтай, эрчимжсэн аж ахуй сэргэж, хөгжих эхлэл тавигдсан.
 
Түүнчлэн мах, сүүний чиглэлийн 50 орчим мянган толгой үхэртэй болж, жилд 518 мянган тонн үр тариа, 270 гаруй мянган тонн төмс, хүнсний ногоо хураан авч, 7000 тонн ноолуур, 11 сая ширхэг арьс, шир бэлтгэж, хүн амын мах, гурил, төмсний хэрэгцээг бүрэн хангасан үр дүн үзүүлсэн.
 
Гэвч олон улстай харьцуулахад хөдөө аж ахуйн салбар нь нэгжийн гарц, боловсруулалтын түвшин доогуур эдийн засгийн үр ашиг багатай байсаар байна. Хөдөө аж ахуйн түүхий эдийн боловсруулалтын түвшин түүхэнд хамгийн өндөр байсан 1980-аад оны байдалтай өнөөгийн байдлыг харьцуулахад бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тоо хэмжээ хэдийгээр нэмэгдсэн ч боловсруулалтын түвшин, бүтээмж бага байгаа. 
 
Иймд дараагийн 10 жилд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжлийн гуравдугаар үе шатанд гаргах зорилтыг салбарын бодлогод дэвшүүлж байгаа юм. 
 
-Энэхүү бодлогын баримт бичигт хөдөө аж ахуйн олон салбар, нэгжээс чухам алинд нь илүү анхаарал хандуулж, түлхүү хөгжүүлэхээр тусгасан бол? 
 
-Төрөөс хүнс, хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд уламжлалт өв соёлыг хадгалсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлж, хүн ам олноор сууршсан хот, суурин газрын орчмын болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхээр бодлогын баримт бичигт тусгасан.
 
Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, дэвшилтэт технологид суурилсан тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Түүнчлэн мал аж ахуй, газар тариалангийн гаралтай түүхий эд, байгалийн баялгийг уламжлалт болон дэвшилтэд технологиор боловсруулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангасан шим тэжээллэг, баталгаатай хүнсээр хүн амыг тогтвортой хангах зорилтыг тусгасан.
 
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг Монгол Улсын газар зүйн байршил, эко систем, дотоодын болон олон улсын зах зээл, дэд бүтэц, техник технологийн хөгжлийн чиг хандлага, салбар хоорондын уялдаа холбоо зэрэг олон талт хүчин зүйлд тулгуурлаж, салбарын тогтвортой хөгжлийг хадгалан, 2016-2025 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. 
 
Ер нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын гол зорилго, өнөөдөр УИХ-аар батлуулсан энэ бодлогын баримт бичгийн хамгийн чухал, шинэлэг тал нь зөвхөн дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнийг экспортын чиг баримжаатай болгон хөгжүүлэхэд л оршиж байгаа юм. 
 
-Сүүлийн үед Монгол орны газар тариалангийн гол бүс нутгууд хөрсний доройтолд орж, үржил шимтэй хөрс шороо нь салхи, борооны хүчин зүйлийн улмаас жилээс жилд цөлжиж, алга болж байгаа. Энэ гамшигтай асуудлыг хэрхэн авч үзэж байгаа вэ?
 
-Энэ бол газар тариалан эрхлэгчдийн төдийгүй, бодлого боловсруулагчдын хувьд хамгийн сэтгэл зовоосон асуудал болоод байна. 2015 оноос эхлэн хөрс боловсруулах шинэ технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулж, тусгай бодлогоор технологийн шинэчлэлийг дэмжиж байгаа. Дээр нь технологийн шинэчлэл хийсэн аж ахуйн нэгжүүдэд газар эзэмших эрхийг нь 40 жилээс доошгүй хугацаагаар сунгаж өгч байгаа.
 
Ингэснээр дэвшилтэд технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүд тогтвортой, урт хугацаанд амжилттай ажиллах нөхцөл бүрдэж байгаа. Нэгэнт авсан газраа 40-өөс доошгүй жил ашиглах боломжтой болсон аж ахуйн нэгжүүд ядаж л хөрс шороондоо өөриймсгөөр хандаж, хөрс боловсруулах бүх үйл ажиллагаандаа хамгийн орчин үеийн технологийг ашиглаж, ургацаа нэмэгдүүлэх, хамгийн гол нь Монгол орны бас нэгэн баялаг болсон үржил шимтэй хөрс шороогоо олон жил ашиглаж, үр удамдаа өвлүүлэх бололцоо, нөхцөл нэмэгдэнэ гэж харж байгаа. 
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"