sonin.mn

Өнөөдрийн байдлаар Монголд 76 монополь, давамгай байдалтай 172 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байна. Тэдгээр компаниуд монополь, давуу байдлаа ашиглан хэрэглэгчийг хохироох, бусад аж ахуйн нэгжээ зах зээлээс шахан гаргахад чиглэсэн хууль бус ажиллагааг илт явуулах нь сүүлийн жилүүдэд нэмэгджээ.

ШӨХТГ-аас үүрэн телефон, ус дулаан цахилгаан түгээх сүлжээ, уул уурхайн салбарт ийм үйлдэл гарсныг бүртгэн уг үйлдлийг Өрсөлдөөний тухай хууль, “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-аар зохицуулахын төлөө ажиллаж байна. Гэвч өрсөлдөөнийг шударга явуулахын тулд "Өрсөлдөөний тухай хууль"-ийн  эрхзүйн орчинг шинэчлэх шаардлага тулгарчээ. Тиймээс ШӨХТГ, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр гурван жилийн хугацаанд өрсөлдөөний тухай хууль эрхзүйн орчин шинэчлэхэд хамтран ажиллахаар болсон юм.

Өнөөдрөөс эхлэн дээрх салбарынхан өрсөлдөөний хууль эрхзүйн орчныг шинэчлэх асуудлаар ярилцлага-уулзалт зохион байгуулж байна. Эл арга хэмжээ гурван өдөр үргэлжилнэ гэж ШӨХТГ-ын хэвэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг