sonin.mn

Япон Улсын цог жавхлант эзэн хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Япон улсын Элчин сайдын яамнаас өчигдөр хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа. Шангри-ла зочид буудалд зохион байгуулсан уг арга хэмжээнд 400 гаруй хүн оролцож, баярт өдрийг хуваалцав. 

 

Япон Улсын цог жавхлан эзэн хаан Акихито 1933 онд мэндэлсэн бөгөөд 12 дугаар сарын 23-нд 82 насны ой тохиох юм. Эзэн хааны төрсөн өдрийг жил бүр тус улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ жилийн арга хэмжээг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нар нээж, УИХ-ын гишүүд, бусад улсын Элчин сайдын яамдын төлөөлөгчид, хоёр орны бизнес, худалдаа эрхлэгчид, хамтарсан байгууллага, урлаг соёл, спортын төлөөллүүд хүрэлцэн ирж оролцсон юм.

 
Элчин сайд Т.Шимизү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Цог жавхлант Эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг та бүхэнтэй тэмдэглэж байгаадаа туйлын баяртай байна. Энэ онд Монгол, Японы харилцааны түүхэнд хамгийн үр өгөөжтэй жилүүдийн нэг байлаа. Монгол Улсын УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар энэ оны хоёрдугаар сард, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавдугаар сард Япон улсад айлчилсан.

Харин 10 дугаар сард Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абе Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилсан. Мөн Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч Садаюки Сакакибара, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ячи Шотаро нар Монголд анх удаа айлчилсан. Эдгээр айлчлал нь хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй” гэв. 


Мөн хоёрдугаар сард Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээнд гарын үсэг зурсан нь энэ оны онцлох үйл явдал байсныг тэмдэглээд, үүнтэй холбогдуулан Монголын тал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг аль болох ойрын хугацаанд хүчин төгөлдөр болгоход чиглэсэн хүчин чармайлт гаргана хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн “Монгол Улс нь Япон улсын стратегийн чухал түнш.

Тийм ч учраас бид хөгжлийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Улаанбаатар хотод Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих, Инженер технологийн дээд боловсрол олгох, Япон Монголын сургалтын эмнэлгийг барих, буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” зэрэг төслүүдийг энд дурдаж болно” гэв. 


Төгсгөлд нь Элчин сайд Т.Шимизү хоёр орны харилцааг амжилттай хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй бүх хүнд Япон Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлсэн юм. 


Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар Япон улсын эзэн хаанд мэндэлсэн өдрийг тохиолдуулан Японы бүх ард түмэнд баярын мэнд хүргээд, Япон Улсын эзэн хааныг Монгол Улсад айлчлах ерөөлийг өргөн дэвшүүлье гэлээ. Мөн “Хоёр орны харилцаа жилээс жилд өргөжин дэвжиж байгаад бид сэтгэл ханамжтай байдаг. 

Дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд улс төр, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэг гээд нийгмийн бүхий л салбарт нягт хамтын ажиллагаатай болж, найрсаг харилцаа хамтын ажиллагааг дээдлэн бие биедээ элэгсэг дотно сэтгэлээр хандаж ирснийг хэлэхэд таатай байна. Зөвхөн энэ онд гэхэд Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт тусгагдсан ажлууд эхнээсээ биеллээ олж, гурван жил үргэлжилсэн Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр орны парламент соёрхон батлаад байна. Хэлэлцээр ойрын хугацаанд хүчин төгөлдөр болж хоёр орны эдийн засгийн харилцаа шинэ шатанд гарна гэдэгт итгэл төгс байна” гэв.  


Нээлтийн ёслолын дараа зочид төлөөлөгчид Элчин сайдад баяр хүргэж, Монголд үйл ажиллагаа явуулдаг японы байгууллагуудын танилцуулга, гэрэл зургийн үзэсгэлэнтэй танилцсан юм.

Н.Гантуяа