sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд,  гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус зээлийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж байгаа нь хэр үндэслэлтэй вэ гэсэн асуудлыг тодруулсан.  УИХ-ын гишүүн С.Баярцогт, “Уг зээл нь жилийн 2 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм. Тус зээлийн 70 хувийг Эгийн голын усан цахилгаан станц барихад зориулах ба тус станцыг 6 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулна” гэсэн хариултыг өглөө.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, “Зээлийн үлдэж буй хөрөнгийг ямар төсөлд зарцуулах гэж байна вэ. Эгийн голын станцыг хурдан хэлэлцэж дуусгамаар байна. УЦС барих үнэ жил бүр өссөөр байна. Үнэ өсч байгаа нь хөөрүүлсэн үнэ биш биз” гэсэн юм. УИХ-ын гишүүн С.Баярцогт, “Эгийн голын усан цахилгаан станцыг барих төсөлд зарцуулахаас гадна Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 20.9 км замын өргөтгөл, шинэчлэл хийх, Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх, түүнчлэн Мах боловсруулах 12 үйлдвэр барих, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг төслүүдийг санхүүжүүлнэ.

Эгийн голын УЦС барих төслийн нийт өртөг 827 сая ам.доллар. Станц нь 315 МВт-ын хүчин чадалтай байхаар тооцсон.  Өмнө тооцоолсноосоо 95 МВт-аар хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт дэлхийн зах зээлд эрчим хүчний бараа бүтээгдэхүүн өссөн зэрэг шалтгаанууд өртөг нэмэгдэхэд хүргэсэн” гэв.

Батлахын өмнө гишүүд  асуулт тавьж үг хэлэхдээ, өрийн босго хэтрэх үү үгүй юу, зээл нь юунд зарцуулагдах, түүний төлөгдөх тооцоо, судалгааг танилцуулах, үр ашиг нь ямар байх, бусад зарим улсаас авсан зээлийн хэрэгжилт ямар байгаа, өр төлөх сан байгуулах, зээлийг үйлдвэрлэлийг дэмжсэн тус нэмэртэй тодорхой төсөлд зарцуулах,  зэрэгт анхаарлаа хандуулж байв. Уг хуулийг баталснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Чуулганы хуралдаан үдээс хойш 14 цагаас үргэлжилнэ.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг