sonin.mn

СӨҮЛ. /TASS/. 2011 онд Умард Солонгосын төрийн эрхэнд Ким Жөн Уныг гарснаас хойш тус улсад намын өндөр албан тушаалын зүтгэлтнүүд, цэргийн түшмэд болох 100 орчим хүнийг цаазаар авчээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэнгийн Сөүлд нийтэлсэн тайлан мэдээнд дурдсан байна.

 

Тус хүрээлэнгийн мэдээлснээр, үүнтэй холбоотойгоор “удирдагчийнхаа явуулж буй дотоод бодлогод дургүйцэх хандлага” Умард Солонгосын элитүүдийн дунд газар авах болсон бөгөөд тэдний дийлэнх нь амь нас, гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө санаа зовох болжээ. Үүнтэй холбоотойгоор Улсыг аюулаас хамгаалах газрын ажилтнууд зэрэг “хариуцлагатай албан тушаал хашдаг зарим түшмэл” гадаадад орогнох эрх авахыг оролдож байна хэмээн Өмнөд Солонгосын ажиглагчид батлан хэлж байна.

2013 оны 12 дугаар сард Улсын батлан хамгаалах хорооны орлогч дарга Чан Сон Тхэкийг цаазаар авчээ. Түүнийг “намын удирдлага болон социалист тогтолцоог түлхэн унагах зорилгоор” фракц байгуулахыг оролдсон хэрэгт буруутгажээ. Умард Солонгосын Ардын зэвсэгт хүчний сайд асан Хён Ён Чолийг цаазалсан тухай тавдугаар сард мэдээлсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг