sonin.mn
Нэгдүгээр ангийн сурагч охин маань хацраа маажуулчихаад иржээ. “Манай ангид нэг мангар хүүхэд байдаг юм аа. Миний баллуурыг авах гэхээр нь би өгөхгүй гэсэн чинь намайг маажчихсан" гэж охин маань ярилаа.
 
Мангар гэдэг нь оюуны бэрхшээлтэй хүүхдийг хэлж байгааг ойлгов. Охиныг маань сургуульд байнга хүргэж өгч, авдаг эмээ нь үглэж байна. “Ангидаа оюуны бэрхшээлтэй хүүхэд байлгалаа гэж багшийг нь загнасан.
 
Олон хүүхэд маажсан гэсэн. Эцэг эхчүүд уурлаж байна лээ" гэнэ. “Ангийнхаа найзыг мангар гэж болохгүй ээ. Хөгжлийн бэрхшээлтэй найздаа чадлаараа тусалж байгаарай. Бас чамаас юм гуйвал өгчих. Найзынх нь толгой өвддөг учраа самархан уурлаж магадгүй. Тийм үед нь тэвчээртэй байж, уурыг нь хүргэхгүйг хичээгээрэй" гэж охиндоо захисан юм.
 
Хүүхдүүд ээжийнхээ хандлагыг “хуулдаг” учраас зөв тайлбарлах гэж хэрдээ хичээв. Өөдрөг нүдээр харвал ангид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаад баярлах учиртай. Амьдралын олон өнгийг хүүхдүүд маань мэдрэх боломжтой болно шүү дээ. Өчигдөрхөн бурхны оронд үдсэн сэтгүүлч Л.Болормаа агсны бэлтгэсэн “Гэртээ ганцаараа” нэвтрүүлгийг үзээд энэ талаар ахин эрэгцүүлсэн юм.
 
Аутизмтай хүүхдийн сурах эрхийн тухай асуудал хөндсөн тэрхүү нэвтрүүлэггээ сэтгүүлч “Тэд өөрсдийнхөө тухай үг холбож чаддаггүй, нийгмийн сөрөг хандлагаас эмээж, аутизмтай олон хүүхэд гэртээ нуугдаж үлддэг” гэж ярьсан. Орцны жижүүр, сургуулийн манаач, багшаас авахуулаад хүн бүрт хүүхдийнхээ онцлогийг тайлбарлаж, бүхний өмнө буруутай мэт явдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эхийн сэтгэлийг энд өгүүлсэн байна лээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан бяцхан орчин, тусгаарлагдсан орон зайг бус энгийн хүүхдүүдтэй хамт сурч хөгжих эрхийг ээж нар хүсч байна.
 
Халдварт өвчтэй биш дээ. Хайртай үрийг нь тусгаарлаж орхихыг ямар ээж хүсэх билээ. Хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн сургууль, цэцэрлэгт сургахыг уг нь хуулиар зөвшөөрдөг. С.Оюун гишүүн энэ нэвтрүүлэгт оролцож, Японы жишээнээс иш татав.
 
“Миний хүүхэд ямар ч онцлогтой байсан гэртээ ойрхон сургуульд өгөх эрхтэй” байдаг гэнэ. “Өнгө гэрэлтэй орчинд хүүхдээ үлдээх гэсэн тэмцэл” хэмээх сэтгүүлчийн үг яг л гэрээслэл мэт сонсогдов. Халамж, анхаарал шаардлагатай бяцхан охиноо үлдээгээд одсон эхийн сэтгэл зүрх шимшрүүлнэ. Илүү өнгө гэрэлтэй нийгмийн төлөө ээж бүхэн хувь нэмрээ оруулаасай.
 
Б.Янжмаа
Эх сурвалж:"Өдрийн сонин"