sonin.mn
Төрийн ордонд өнөөдөр нээлтээ хийсэн “Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” олон улсын уулзалтад оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт явуулав. Уг илгээлтийг Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд уншиж сонордууллаа.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье.
 
Дэлхий даяар өөрчлөлт, шинэчлэлийн үйл явц, хөгжил дэвшлийн давалгаа хурдсаж, улс орон бүр өрсөлдөх чадвараа дээшлүүлэх шинэ арга барил, шинэ технологийн эрэлд мордож байна. Хөгжлийн асуудлаа цоо шинэ хандлага, шинэ мэдлэгт тулгуурлан шийдвэрлэхийг чухалчлах боллоо.
 
Мэдлэгийн эдийн засгийг бий болгож, мэдлэгийн үйлдвэрлэлд түргэн шилжин оюун зонхилсон бүтээгдэхүүн, бүтээлч аж үйлдвэрлэлийг хэн цогцлоож чадна, тэр улс орон дэлхийд хөгжлөөрөө манлайлах цаг үе иржээ. Өнөөдөр судлаачдын үзэж байгаагаар өндөр хөгжилтэй орнууд технологийн хөгжлийн 5 дугаар үеийг амжилттай даваад, 6 дугаар үедээ шилжин орж эхлээд байна.
 
Гарааны шугамаа зөв тодорхойлж, хөгжлийн бодлого зорилгоо оновчтой томьёолохын тулд бид юун түрүүнд технологийн хөгжлийн орчинд чухам хаана яваагаа мэдэх учиртай. Хөгжлөөр манлайлагч орнуудыг араас нь хөөж бус, амдаж гүйцэх арга тактикаа боловсруулах ёстой. Үүний тулд бид бусдын алдааг давтахгүй урагшлах бодлогоо боловсруулж, ард түмний ухамсарт суулгаж өгөх хэрэгтэй байна.
 
Нэг үгээр хэлбэл, бид өндөр боловсролтой, бүтээлч монголчуудын шинэ үеийг бэлдэнэ гэсэн үг. Ийм хүмүүсээ цаг алдалгүй бэлтгэх тэрхүү орчны үндсэн бөгөөд  оройн хэсэг нь шинжлэх ухаан технологи, инновацийн экосистем хэмээн бид төсөөлж байгаа юм. Эдгээр хүмүүсийг угтан авч, өсгөн торниулах газар нь шинжлэх ухаан технологи, инновацийн экосистем мөн.
 
Өнөөдөр та бүхэн энэхүү экосистемийг бүрдүүлэх  чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүдийг оролцуулан чуулган зохион байгуулж байгаад баяртай байна. Түүнээс гадна тус чуулганд эрдэмтэн-судлаачид, энтерпренерүүд, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцуулж байгаа нь Монгол оронд шинжлэх ухаан, технологийн чөлөөт бүс, шинжлэх ухааны парк хөгжүүлэх боломжийг тодорхойлох, бодлого үйл ажиллагаандаа тусгахад түлхэц өгнө гэдэгт миний бие эргэлзэхгүй  байна.
 
Монгол Улс газарзүйн байршлаа ашиглаад өөрийн газар нутаг дээр шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистемийг бий болгох бололцоо байгаа гэж харж байна. Гагцхүү энэ систем маань байгалийн экосистемийн нэгэн адил бүрдэл хэсгүүд нь органик холбоотой ажиллаж, харилцан бие биенээ тэтгэдэг байх ёстой. Ингэж чадваас бид дэлхийн хэмжээнд мэдлэг, технологи, бүтээгдэхүүн экспортолж, олон улсын талбарт шинжлэх ухаанаар бизнес хийх болно. Үүний тулд бид дэлхийн улс орнуудын оюун санаа, сэтгэлгээ, инновацийн эко сүлжээнд нэгдэн орохоос өөр замгүй. Нэгдэн орно гэдэг нь технологийн хөгжлийн 6 дугаар үе рүү аль болох хурдан дөхөж очно гэсэн үг юм. Онцлон хэлэхэд, Монгол бол ардчилсан, асар их хүсэл мөрөөдөлтэй, эрч хүчтэй, боловсрол болон инновацийн үнэ цэнийг ойлгодог, гурван сая хүнийх нь нэг сая нь суралцдаг, боломж дүүрэн улс.
 
Ийм болохоор бид сэтгэлгээний шинэ түвшин, үйл ажиллагааны шинэ арга барил, бизнесийн шинэ загвараар ажиллаж чадах юм бол  дэлхийн авьяас чадвар, чадавхийг холбох гүүр, нэгтгэх талбар, татах соронзон болж,  шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистемийн хөгжлөөрөө дэлхийтэй мөр зэрэгцэн алхах болно.
 
Тус чуулганаас Монгол Улсыг мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хөтлөх олон чухал санал санаачилга, зөвлөмж гарна гэдэгт найдаж байна” гэжээ.
 
Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем болон шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх талаар гадаад, дотоодын бодлого гаргагчид, мэргэжлийн шинжээчид, судлаачдыг хамруулсан олон улсын чуулган зохион байгуулж, шинжлэх ухаан, технологийн бүсийн бүтэц, зохион байгуулалт, менежмент болон улс орон, бүс нутаг, дэлхийн хөгжилд гүйцэтгэх үүргийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор энэхүү чуулганыг энэ 11 дүгээр сарын 26-27-нд зохион байгуулж байгаа юм.
 
Тус чуулганд үндэсний шинжлэх ухааны бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиуд, аж үйлдвэрийн салбар, хувийн хэдил, бизнес, хөрөнгө оруулагчдын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож байна.
 
Энэ үеэр АНУ, БНХАУ, БНСУ, Хонконг, Финланд Кувейт, Сингапур зэрэг орноос бодлого боловсруулагч, олон улсын зөвлөх, эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, уулзултууд зохион байгуулах юм. Олон улсын чуулга уулзалтын үр дүнд Монгол Улсад шинжлэх ухааны бүс байгуулах боломжийг тодорхойлон зөвлөмж гаргахаар болжээ.
 
Мөн тус чуулганд хүрэлцэн ирсэн гадаадын нэр хүндтэй экспертүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш хүлээн авч уулзахаар болоод байна.