sonin.mn

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын төрийн тэргүүн Франсуа Олландтай пүрэв гарагт Кремльд уулзана.

“Хоёр орны удирдагчид хэлэлцээ хийх үеэрээ “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд үйл ажиллагаагаа зохицуулах асуудлыг, түүнчлэн олон улсын тулгамдсан хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ” гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Путин, Олланд хоёр мөн “бүх чиглэлд хоёр талын харилцааны талаар санал бодлоо солилцох төлөвтэй байна”

Орос, Францын удирдагчид Парисын халдлагын дараа энэ сарын 17-нд ийм уулзалт хийхээр тохиролцжээ. Путин, Олланд нар утсаар ярих үеэрээ “террорист бүлэглэлүүдийн эсрэг явуулж буй Орос, Францын ажиллагааны явцад хоёр орны цэргийн байгууллагууд, тагнуулын албадын хооронд илүү нягт холбоо тогтоож, үйл ажиллагаагаа зохицуулахаар тохиролцсон” гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

“Пүрэв гарагт би Москваг зорино”

Терроризмтой тэмцэхэд олон улс нэгдэх нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрсөн Олланд Их Британи болон Германы удирдлагатай хэдийн хэлэлцээ хийсэн юм.

Тэрбээр энэ сарын 24-нд Вашингтонд айлчилж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан билээ.  Хэрэв Москва “Лалын улс” бүлэглэлийг устгахад, мөн Сирийн хямралыг зохицуулах улс төрийн арга замыг хайхад хүчин чармайлтаа төвлөрүүлбэл Франц Сирид ОХУ-тай хамтран ажиллана гэж Франсуа Олланд энэ уулзалтын дараа мэдэгджээ.

“Владимир Путинтай уулзахаар “пүрэв гарагт би Москваг зорино”. Хэрэв Орос цэргийн ажиллагаагаа “Лалын улс”-тай тэмцэхэд төвлөрүүлбэл Франц тус улстай хамтран ажиллах боломжтой гэдгийг би түүнд хэлнэ” гэж тэрбээр хэлсэн байна. “Сирийн хямралыг зохицуулах улс төрийн арга замыг хайх хүсэлтэй байгаа бүх орныг бид цуглуулан нэгтгэхийг бид хүсч байна. Бид хэнийг ч орхигдуулахыг хүсэхгүй байна” гэж Олланд нэмж хэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг