sonin.mn

АНКАРА. /Anadolu/. Сирийн баруун хойд нутгийн Алеппо хотод өгсөн ОХУ-ын агаарын цохилтод долоон хүн амиа алдаж, 10 хүн шархадсан байна.

Алеппо хот дахь эх сурвалжийн мэдээлснээр, дүрвэгсдийг чиглэн тус хотын Азаз мужид явж байсан хангамжийн цуваа агаарын цохилтод өртөж, долоон жолооч амиа алдаж, ачааны 20 машин шатжээ.

Туркийн Хүмүүнлэгийн тусламжийн сангийн тусламжийн цуваануудын нэг нь тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тэд агаарын цохилтод өртөөгүй боловч тус цуваанд явсан ажилтнууд агаарын цохилтод өртсөн хүмүүст анхны тусламж үзүүлсэн байна.

ОХУ Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадыг дэмжих зорилгоор тус улсад есдүгээр сарын 30-наас цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

ОХУ-ын агаарын цохилт өгөх ажиллагааны зорилго бол Асадад дэмжлэг үзүүлж, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх юм гэж Кремлин мэдэгдсэн боловч НАТО-гийн холбоотон, Өрнөдийн орнуудын үзэж байгаагаар, ОХУ-ын агаар цохилт нь Асадыг эсэргүүцэгч хүчин, тэр дундаа, АНУ болон Туркийн дэмждэг хэд хэдэн бүлэглэлийг чиглэсэн ажиллагаа юм.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг