sonin.mn

 

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах болон тэтгэврийн зээлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын дэд хэсэг энэ сарын 24-ний өдрийн Мягмар гарагт Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд хэсэг хуралдлаа.

 

Ажлын дэд хэсгийн хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монгол банк, Сангийн яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Хуульзүйн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголы үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Нийгмийн бодлогын байнгын хорооны төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын хэмжээнд нийт тэтгэвэр авагчдын 60 хувь нь тэтгэврийн зээлтэй байна. Хурлын үеэр Банкны тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлээс арилжааны банкинд харилцах, хадгаламж хэлбэрээр байршуулах журам зэрэгт тэтгэврийн зээлийн талаар шинээр тусгах заалтуудыг хэрхэн томьёолж оруулж болох талаар хэлэлцсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл УИХ-ын гишүүдэд тойргийн иргэд, сонгогчдоос хамгийн ихээр ирж буй өргөдөл, хүсэлтүүдийн талаар, тэтгэврийн зээлийн хувь, хугацаанаас үл хамааран зээлдэгч иргэн сар бүр гар дээрээ тэтгэврийн тодорхой хувийг тогтмол авч байх эрхийн тухай болон тэтгэврийн зээл авч буй иргэн ба банкны эрсдлийн харилцааг багасгахад нөлөөлөх механизмыг хуулинд заавал тусгах шаардлагатай байгааг дэлгэрүүлж хэлэлцүүлэн Ажлын дэд хэсгийн гишүүдийн саналыг сонслоо.

Хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл ХАХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзулд холбогдох хуулийн заалтуудад өөрчлөлт оруулах төслийг бэлтгэж бэлэн болгохыг 14 хоногийн дараа Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулахад бэлэн болгохыг үүрэг болголоо. Мөн Ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнийг энэ долоо хоногт нэмэгдүүлэхээр тогтлоо.