sonin.mn

НЬЮ-ЙОРК. /TASS/. НАТО, ОХУ хоёрын хооронд шинэ сөргөлдөөнийг үүсгэх зорилгоор Туркийн Агаарын цэргийн хүчин Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцыг Сирийн хил орчимд сөнөөх шийдвэр гаргажээ. Ингэж үзэж байгаагаа АНУ-ын Агаарын цэргийн хүчний штабуудын даргын орлогч асан, генерал Томас Макинерни телевизийн "Фокс ньюс" сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо илэрхийлсэн байна.

 

“Туркийн Ерөнхийлөгч Эрдоганд өдөөн хатгах зорилго байсан гэж бодож байна” гэж тэрбээр хэлжээ. Турк улс одоо иргэний засаглалаас шариатын хууль бүхий лалын улс болох шилжилтийн үед байгаад Макинерни анхаарлаа хандуулжээ. “Тэдэнд нууцаар хэлэлцэн тохиролцсон асуудал байгаа байх гэж бодож байна. Магадгүй Эрдоган НАТО болон ОХУ-ын хооронд Украиныхтай адил зөрчилдөөн үүсэхийг эсэргүүцэхгүй байсан. Харин ингэх шаардлага бидэнд байхгүй” гэж чөлөөнд гарсан генерал хэлжээ. “Ерөнхийлөгч Эрдагонд би нэг их итгэдэггүй байсан. Энэ тохиолдолд маш болгоомжтой байх хэрэгтэй” гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Туркийн Агаарын цэргийн хүчин Оросын бөмбөгдөгч онгоцыг сөнөөх хэрэгтэй гэж үзэн, маш бүдүүлэг алдаа гаргасан гэж Макинерни үзжээ. Түүний хэлснээр, энэ нь Анкарагийн үйлдлээ зөвтгөх нотолгоо болгож танилцуулсан зураг болон схемийг анхааралтай ажиглахад л тодорхой  болно.

“Туркууд маш муу тооцоолж, бүдүүлэг алдаа гаргасан. Би радарын мэдээллийг харсан. Хэрэв оросууд Туркийн агаарын орон зайд орсон бол 20-40 секундээс удаагүй. Миний тооцоолж байгаагаар бөмбөгдөгч онгоцыг цагт 740.8-925.9 км-ын хурдтай нисч байхад нь сөнөөсөн. Уг онгоц 180 градусын өнцгөөр нисч байсан бөгөөд энэ нь Сирийн өмнөд нутаг руу нисч байсан гэсэн үг. Энд Туркийн тооцоо буруу байсан” гэж АНУ-ын Зэвсэгт хүчний штабуудын даргын орлогч асан хэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг