sonin.mn

УИХ, Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирэх баасан гарагт Төрийн ордонд “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030/” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ.

УИХ-ын даргын өнгөрсөн оны 60 дугаар захирамжаар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нараар ахлуулан нийт 15 гишүүнтэйгээр байгуулсан. Тус ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэгт Засгийн газрын бүх яамдын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга нар, Үндэсний хөгжлийн хүрээлэнгий эрдэмтэн, судлаачид оролцсон баг ажиллаж, хөгжлийн урт хугацааны бодлогын судалгааг гаргасан юм. 

Ийнхүү эхний шатны ажил дууссаны дараа УИХ-ын даргын энэ оны 137 дугаар захирамжаар ажлын дэд хэсгийн шинэчлэн байгуулж, салбарын тэргүүлэх эрдэмтэн, бодлого судлаачид, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулсан.

Одоогоор “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байна.