sonin.mn

АНКАРА. /Аnadolu, Турк/. Туркийн агаарын хилийг зөрчсөн ОХУ-ын бөмбөгдөгч нисэх онгоцыг устгасан Туркийн үйлдэл олон улсын хуульд нийцэж байна гэж шинжээчид үзжээ.

Манай агаарын хилийг зөрчиж байна гэж Турк ОХУ-ын бөмбөгдөгч онгоцонд удаа дараа сануулж, улмаар тус онгоцыг Туркийн “F-16” сөнөөгч онгоц устгасан байна.

Хамтран ажиллах тохиролцооны хүрээнд Оросын бөмбөгдөгч онгоцыг Сирийн Баир Бужак суурингийн ойролцоо устгасан гэж Туркийн цэргийнхэн мэдэгджээ.

Агаарын хил нь зөрчигдсөн улсаас өгсөн анхааруулгыг хүлээн аваагүй тохиолдолд тус улс олон улсын хуулийн дагуу довтлох эрхтэй байдаг гэж Абант Иззет Байсал их сургуулийн олон улсын харилцааны профессор Мехмет Далар хэлэв.

“Агаарын хил зөрчигдөх нь улсад аюултай байдал үүсгэж болзошгүй гэж үзсэн тохиолдолд тус улс довтолж болно. Турк Сиритэй дайтаагүй ч гэсэн мөргөлдөөний бүстэй ойролцоох хил болон тусгаар тогтнолоо хамгаалах үүрэгтэй” гэж тэрбээр мэдэгджээ.

“Туркийн цэргийнхний анхааруулгыг Оросын нисгэгч хайхраагүйн улмаас түүний онгоцыг сөнөөсөн. Тус онгоц Сирийн нутаг дэвсгэрт унасан ч гэсэн гол асуудал агаарын хилийг зөрчсөндөө байгаа. Оросын бөмбөгдөгч онгоцыг Туркийн агаарын орон зайд байхад нь буудаж, улмаар Сирийн нутагт унасан байж болох юм. Тиймээс Туркийн агаарын хилийг зөрчсөн эсэх нь гол асуудал юм. Хэрвээ Туркийн хил зөрчигдсөн нь үнэн бол Оросын онгоцыг сөнөөх эрх Туркт бий” гэж тэрбээр хэлжээ.

Шаардлагатай бүх арга хэмжээг авах, тэр дундаа, анхааруулгыг үл тоомсорлосон, агаарын хилийг зөрчсөн Оросын бөмбөгдөгч онгоцыг устгах эрх Туркт бий гэж Анкара хотын Йылдырым Беязит их сургуулийн олон улсын хуулийн профессор Ясин Пояраз хэлэв.

“Анхааруулга өгсөн нь хамгийн чухал юм. 10 удаа анхааруулга өгөөд байхад агаарын хилийг үргэлжлүүлэн зөрчсөөр байсан нь Туркийн үйлдлийг зөвтгөх хамгийн чухал хүчин зүйл. Хэрвээ агаарын хилийг зөрчсөн л бол уг бөмбөгдөгч онгоц Сирийн нутагт унасан унаагүй нь хамаагүй” гэж тэрбээр мэдэгджээ.

Турк өөрийгөө хамгаалах эрхээ эдэлсэн

Харин Туркийн Озиегин их сургуулийн олон улсын хуулийн профессор Месут Хаки Касин, Туркийн агаарын орон зайд нэвтрэх нь тус улсын хилийн аюулгүй байдал болон үндэсний тусгаар тогтнолд халдсан хэрэг бөгөөд түүнийг Турк устгах эрхтэйг  онцлоод, “Оросын бөмбөгдөгч онгоц Туркийн агаарын хилийг зөрчсөн бөгөөд хариуд нь түүнийг устгасан гэж бид үзэж байна. Тиймээс НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд заасны дагуу Турк өөрийгөө хамгаалсан” гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: Монцамэагентлаг