sonin.mn

Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч хойшлогдлоо. 

Монголбанкны бие даасан байдлыг хангах, олон улсын Төв банкны жишигт хүргэх, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн эдийн засгийн өсөлт, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн секторыг хөгжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Монгол Банкны хуульд өөрчлөлт оруулахаар санаачилсан юм. 

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэвч Монгол банкны удирлагууд эзгүй байгаа тул асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. 

Тус байнгын хороо үүнээс гадна өнөөдөр Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгээс найруулгын шинжтэй санал оруулж, гишүүд 100 хувь дэмжин, хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанд оруулах болов. 
 

Н.Туяа

Эх сурвалж: Монцамэагентлаг