sonin.mn

Өнөөдөр Төрийн ордонд болсон Онцгой комиссын хурлаар Шадар сайд Ц.Оюунбаатар өвөлжилтийн бэлтгэлийн талаарх холбогдох албаныхны дүн мэдээг сонсч, зарим үүрэг чиглэл өглөө.

ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд хурлын эхэнд хэлэхдээ, “Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малын тарга хүч, хадлан тэжээл, бэлчээр, усны хүрэлцээ хангамж, өвс тэжээлийн татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн хувийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 85.9 хувьтай хангагдсан” хэмээн танилцуулсан юм.

Улсын хэмжээнд нийт 145 мянган малчин өрхөд 56.3 сая, хонин толгойд шилжүүлснээр 92.8 сая толгой мал өвөлжихөөр байгаа ба нийт малын 93.5 хувь нь дундаас дээш тарга хүч авчээ. Энэ жилийн цаг агаарын төлөв байдлаас харахад, олон жилийн дунджаас илүү хүйтэн өвөл болж, МАА-н өвөлжилтөд хэт хүйтний үзүүлэх нөлөөлөл их байх магадлал өндөр байгаа аж.

Иймд өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ өвөл өөр аймаг сумын нутагт отроор өвөлжиж хаваржих малын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Өвөл хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 60 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 40 хувь нь хүрэлцээ муутай байгаа юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тн өвс, 11.1 мянган тн тэжээл бэлтгэхээс өвс бэлтгэл 78.2, тэжээл 30.1 хувьтай бэлтгэжээ. Энэ онд бодын 1125, богийн 2319 хашаа саравч шинээр барьсан бол 707 худаг гаргаж, малчин өрхийн болон малын усан хангамжийг нэмэгдүүлсэн байна.

Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл 16 аймагт 90-ээс доош хувьтай байгаагийн дотор Дорноговь аймагт 74.9, Баянхонгорт 78.8, Дундговьд 81.3, Хөвсгөлд 81.7, Увсад 82.1, Говьсүмбэрт 82.3, Төв аймагт 82.5 хувийн биелэлттэй, нийт аймгийн 80 шахам хувь нь бэлтгэлээ дутуу хангажээ.

Эрчим хүчний яамнаас өгсөн тайлбараар бол тус салбар өвөлжилтийн бэлтгэлээ 96 хувьтай хангаад байгаа бөгөөд цахилгаан дулаан авч хэрэглэж буй шинэ хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсч байгаа нь ихээхэн хүндрэл үүсгэж байна гэв Харин Зам тээврийн салбарынхны хувьд 93.8 хувийн бэлтгэлтэйгээр өвлийн сарыг угтаж байгаа гэнэ.

Эрүүл мэндийн салбарын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан нэгдсэн төлөвлөгөө гаргасны зэрэгцээ өвөлжилт хаваржилт хүндэрч болзошгүй 15 аймаг, 37 сум байгааг анхааралдаа авсан байна. Түүнчлэн эмнэлгийн барилгын засварууд  дууссаны зэрэгцээ шинэ барилгуудын заримыг нь ашиглалтад хүлээн авчээ. Мөн зудын үед хэрэгжүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудлыг тодорхой тусган ажиллаж байгаа гэж ЭМСЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Бат-Эрдэнэ танилцуулав.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд зориулж туулах чадвар сайтай 38 машин, сансрын холбооны иридиум 27 гар утас, 407 ширхэг хэт богино долгионы гар радио станц, 104 байршил тогтоогчтойгоор үүрэг гүйцэтгэхээр бэлэн байдлаа хангажээ.

Зам давааны бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улсын чанартай авто замын дагуу өвлийн улиралд ажиллах автозамын шуурхай ажлын хэсгийг 45 цэгт байгуулж, 180 хүн, 150 техник томилсон байна. Шуурхай ажлын хэсэг нь Алтай, Хангайн бүсэд энэ сарын нэгнээс эхлэн ажилдаа гарсан, говь хээрийн бүсэд 12 дугаар сарын нэгнээс гарахаар бэлтгэлээ хангасан гэсэн мэдээлэл энэ үеэр дурдагдлаа.

Шадар сайд Ц.Оюунбаатар яам, газрын удирдлагуудын хийсэн мэдээллийг сонсоод гүйцэтгэл дутуу байгаа ажлаа ойрын хугацаанд яаравчлан дуусгах, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажилд шаардлагатай санхүүжилтийг холбогдох албаныхантай зөвшилцөн шийдвэрлүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай мэдээлэл солилцох, ард нийтэд цаг хугацаа алдалгүй түгээн сэрэмжлүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болгов.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Эх сурвалж: Монцамэагентлаг