sonin.mn

УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо өнөөдөр хамтарч хуралдан Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн талаар мэдээлэл сонсохоор төлөвлөсөн. 

Гэвч байнгын хорооны хуралдаанд оролцох гишүүдийн ирц хүрээгүй учир хэлэлцэх боломжгүй болов. МАН-ын бүлгийн гишүүд АН-ынхан ирц бүрдүүлэхгүй хуралдаан хойшлуулаад байна гэж шүүмжилсэн бол УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлэлцэх асуудалд шаардагдах баримт, мэдээлэл хангалтгүй учир гишүүд хуралд оролцохгүй байна гэж тайлбарлав.

Тэрбээр “Хэлэлцэх асуудлын материал шаардлага хангахгүй, Ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зураагүй, нэгдсэн байр суурьт хүрээгүй байна. Тиймээс гишүүд хуралд орж ирээгүй байна” гэлээ. 

Харин МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Өнгөрөгч хавраас энэ асуудлыг хэлэлцэхээр ярьж эхэлсэн. Гэвч хэлэлцэх асуудалд оруулахгүй удна, Ажлын хэсэг хуралдахгүй хойшлуулна, хэлэлцэхээр оруулаад ирэхээр гарын үсэг зурахгүй, материал дутуу гээд олон шалтаг гарч ирээд байна. АН-ын гишүүд өмнөх хуралдаанд сууж байсан мөртлөө энэ асуудлыг хэлэлцэх үеэр гарч явлаа” гэж шүүмжилж байв. 

Ингээд тус байнгын хороо хуралдаанаа цуцалж, материал бүрэн гүйцэд оруулж ирэхийг Ажлын хэсэгт үүрэг болгосон юм. 

Дээрх асуудлаар Засгийн газраас олон улсын зах зээлд гарган хөрөнгө босгосон "Чингис бонд", "Самурай бонд"-ын зарцуулалтад хийсэн шалгалтын дүнг танилцуулах байсан юм. 

Н.Туяа

 

Эх сурвалж: Монцамэагентлаг