sonin.mn

УИХ-ын Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хамтарч хуралдан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

 

Хуралдааны үеэр төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үед гарсан саналуудыг танилцуулан, найруулгын хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм. Ингээд гишүүдийн 100 хувийн саналаар хуулийн төслүүдийг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийг эцэслэн хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзэв.

Хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн боловсруулалтын чанарыг сайжруулах, уялдаа болон хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг С.Бямбацогт тэргүүтэй гишүүд санаачлан өргөн бариад байгаа. Хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөлтгүй явж ирсний улмаас сонгууль хооронд улс төрийн намууд 4 жилийн мөрийн хөтөлбөр дэвшүүлж, Засгийн эрхийг авсны дараа өмнөх явуулж ирсэн бодлогуудыг зогсоодог, өөрсдийнхөө шинэ бодлогыг хэрэгжүүлэх гэж цаг алддаг байдал нь хөгжлийн нэгдсэн үзэл баримтлал алдагдаж, төрийн бодлого залгамж халаагүй болоход хүргэсэн. Стратеги, хөтөлбөр, Үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталсан ч салбар хоорондын уялдаа, хэрэгжүүлэх эрх үүрэг, хариуцлага, залгамж чанар байхгүйгээс хэрэгжилт муутай байдаг гэж төсөл санаачлагчид тайлбарлаж байгаа юм. Тиймээс дээрх хуулийн төслийг баталснаар хөгжлийн бодлогын тогтвортой, нэгдмэл байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Н.Туяа

 

Эх сурвалж: Монцамэагентлаг