sonin.mn

Ази, Холливудын кино уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Азийн шилдэг бүтээлүүдийг дэлхийн кино наадамд танилцуулах зорилготой “Asian World Film Festival”-ыг анх удаа энэ сарын эхээр АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгууллаа.

Тус наадамд Азийн 50 гаруй улсын кино уран бүтээлчид “Golden Globe”, Emmy”, “Oscar” зэрэг нэр хүнд бүхий дэлхийн томоохон кино наадам, шагнал гардуулах ёслолд нэр дэвшээд буй бүтээлээ олны хүртээл болгов.

Наадамд жүжигчин Б.Амарсайханы гол дүрд нь тоглож, продюссерээр ажилласан “Бодлын хулгайч” киног наадмын гол гурван үзвэрийн нэгээр сонгожээ. Нийт 30 кино бүтээл өрсөлдсөнөөс тус кино шүүмжлэгч, уран бүтээлчид болон үзэгчдээс өндөр үнэлэлт авч, “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” шагналыг хүртсэн юм.

Жүжигчин Б.Амарсайханыг тус кино наадмын Удирдах зөвлөлийн хүндэт гишүүнээр санал нэгтэй сонгож, батламж гардуулжээ. Мөн Оскарын шагналт, нэрт продюссер Андре Морган, “Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе, Лос Анжелес хотын дарга зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүдийг хүндэт гишүүнээр сонгожээ. 

Олон улсын, нэр хүнд бүхий энэхүү наадмын зөвлөлд монгол хүн багтсанаар Монголын кино уран бүтээлчдийн бүтээлийг гадаад зах зээлд таниулах үүд хаалгыг нээж буй юм.

Ж.Болор

 

Эх сурвалж: Монцамэагентлаг