sonin.mn
Монгол Улсын төвийг сахих байнгын статусыг НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулах, Монгол Улсын хууль гаргах талаар Ерөнхийлөгчийн санал, санаачлагад  улстөрчид, дипломатчид, цэргийнхэн  өөр өөрийн байр сууриас хандаж буй билээ.
 
Батлан хамгалах салбарын төлөөлөл болгож, хошууч генерал, доктор профессор Н.Жалбажав гуайгаас байр суурийг нь сонссон юм.  
 
 Монгол Улсын төвийг сахих байнгын статусыг НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулах, Монгол Улсын хууль гаргах талаар Ерөнхийлөгчийн санал, санаачлагын талаар янз бүрээр л ойлгож хүлээн авч байх шиг байна. Таны бодол?
 
-Аливаа шинэлэг зүйлийн талаар анхны сэтгэгдэл хуурмаг байх нь олонтай. НҮБ-ын индрээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын төвийг сахих байнгын статусын тухай, УИХ-д хууль санаачлан өргөн барьсан нь эхэн үедээ зарим нэгнийг цочролд оруулсан байж мэдэх л дээ. Дипломатчид, улстөрчид, цэргийнхний дотор янз янзын үзэл бодол цухалзаж байна. 
 
Зарим хүн Монгол Улс төвийг сахих байнгын статустай болчихвол Үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай хууль тогтоомжийн  актуудаас аваад хөрш гүрнүүд, бусад улс орнуудтай байгуулсан стратегийн түншлэлийн болон бусад гэрээ, хэлэлцээрээ хүртэл өөрчлөхөд хүрэх тухай яриа гарч байлаа.  Миний хувьд гадаад бодлого, олон улсын харилцааны мэргэжилтэн биш, гэхдээ төвийг сахих байнгын бодлого, үйл ажиллагаа (статус) үйлчлэх, хэрэгжих цаг хугацаа, орон зайг хязгаарлагдмал гэдгийг эрх биш гадарлахтайгаа.
 
 Энэхүү төвийг сахих статус тайван цагт Монгол Улс цэрэг, улс төрийн аливаа эвсэл, холбоо, хөдөлгөөнд элсэхгүй, нэгдэхгүй, дайтаж сөргөлдөж буй улс үндэстэн (бүлэг улс)-ын аль нэг талыг барьсан өрөөсгөл бодлого баримтлахгүй л гэсэн үг бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдалд түрэмгийлэх, хүчирхийллийн аюул занал бодитой үүсэх, учрах хүртэл л  хэрэгжих болов уу гэж төсөөлж  байгаа.  Төвийг сахих байнгын статустай болно гэдэг нь  нөгөө Чукгегийн номлол шиг олон улсын үйл амьдралаас өөрийгөө тусгаарлаж, зожигруулахтай огтхон ч адил зүйл биш. 
 
Харин ч улс орныхоо хөгжил дэвшил, улс түмний энх тайван, аюулгүй байдлын эрх ашгийн тулд аливаа явцуу ашиг сонирхолд хүлж баглуулахгүй, аливаа ил далд дарамт шахалтаас ангид байж чөлөөтэйгөөр олон улсын хамтын нийгэмлэгтэй улам нягт хамтран ажиллах боломж нээгдэх тухай асуудал  юм. Тийм болохоор хөрш гүрнүүдтэй стратегийн энэ төвшинд хамтран ажиллах болон Монгол Улсын гурав дахь хөршийн бодлоготой харшлах юм үгүй л болов уу.
 
-Зарим мэргэжилтэн, судлаач, түүний дотор цэргийнхэн манайх шиг жижиг буурай, батлан хамгаалах зорилтоо дангаараа цэргийн хүчээр шийдэх чадал тааруу дорой улс оронд төвийг сахих бодлого, статус төдийлөн тохирохгүй  хэмээн  байр сууриа твейттер хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна лээ? 
 
-Миний өмнө хэлсэн хариулт төрийн батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний байгуулалтын асуудал нэгж адил хамаатай гэсэнтэй утга нэг.  Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлан буй хуулийн төсөл түүний үзэл баримтлалд тайван цагт улс эх орныхоо Батлан хамгаалах хүчинг бэхжүүлэх, зэвсэгт хүчнээ хөгжүүлэх, цэрэг, цагдаагийн алба хаагчид НҮБ-ын энхийг дэмжих олон улсын ажиллагаанд оролцох талаар баримталж буй төрийн бодлого, гадаад хамтын ажиллагаанд харшах зүйл огт үгүй ч сонирхогч хэн хүнгүй олж мэдэх, танилцах боломжтойг дурдая. 
 
Энд  дараах зүйлд уншигч абугайн анхаарлыг хандуулахыг хүсч байна. Үүнд, нэгдүгээрт аливаа улс орны батлан хамгаалах чадал, хүчинг зөвхөн зэр зэвсэг, цэргийн тоо төдийхнөөр үнэлдэггүй. Тухайн улс орны төрийн бодлого, олон улсын хамтын нийгэмлэг, улс түмний аюулгүй байдлын тогтолцоонд эзлэх байр суурь, нэр хүнд, үндэсний эв нэгдэл, санаа зорилго, иргэдийн эх оронч үзэл зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой асуудал. Мөн хүчтэй нь хүчгүйгээ хүссэнээрээ идэж, залгиж байдаг цаг үе өнгөрсөн.  
 
Тийм болохоор  Монгол Улс эх орноо батлан хамгаалах хүчээр дорой гэх нь тусгаар тогтносон, олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, энхийг эрхлэгч, төвийг сахих байнгын статустай улс орноо бассан, дорд үзсэн хэрэг бус уу.  Чухамдаа төвийг сахих байнгын статустай болох нь улс орныхоо аюулгүй байдал, батлан хамгаалах хана хэрмийг бэхэлж буй хэрэг юм.  Мөн улс оронд мааь дайн түрэмгийллийн аюул нүүрлэвэл анхны тусламж, дэмжлэг авах эрхээ Монгол Улс өөртөө үлдээж  байгаа хэрэг л дээ. 
 
-Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа.  Ийм нөхцөлд  төвийг сахих байнгын статустай болчихвол энэ бодлого, үйл ажиллагаагаа “эргэж харах”-д хүрэх юм биш байгаа гэх эргэлзээ  төрөөд байна?  
 
-Огтхон ч үгүй.   Хуулийн төсөл, үзэл баримтлалд энэ тухайд тодорхой заасан юм билээ. Миний бодлоор энхийг дэмжих бодлого, үйл ажиллагаа , төвийг сахих бодлого үйл ажиллагааны  эцсийн (цаад санаа нь гэсэн утгаар)зорилго нь нэг юм биш гэхэд ойролцоо бус уу. Хоёулаа л улс түмний энх тайван аюулгүй байдлыг сахихад их, бага улс үндэстний хүч анхаарлыг төвлөрүүлэх , энэ үйлсэд улс үндэстнүүд чадал боломжоороо оролцох нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн, хоёул НҮБ-ын мандаттай (мандаттай болох) , мөн хоёул олон улсын эрх зүйн үзэл баримтлал, эрх зүйд нийцсэн бодлого үйл ажиллагаа гэж ойлгож байна. 
 
Монгол Улс энхийг дэмжих үйл ажиллагаанд Зэвсэгт хүчин, цагдаагийн алба хаагчдаа оролцуулахдаа дэлхийн улс оронд янз бүрийн учир шалтгааны (шашин, ертөнцийг үзэхүнй хөрсөн дээр, газар нутаг, ашиг сонирхлын зөрчил, терроризмтой тэмцэх гэх мэт) улмаас үүссэн зөрчил мөргөлдөөнийг эс эвээр зохицуулах тайван аргаар шийдвэрлэх нөхцөл бүрдүүлэх, улс түмний аюулгүй байдлын тогтолцоо механизмыг зүгшрүүлэх, бэхжүүлэх үйлсэд хүчээ нэгтгэх, хувь нэмэр оруулах, зорилго, санаа агуулсан  байж таарна.  
 
Төвийг сахих байнгын статусын эцсийн санаа зорилго нь  дээр өгүүлсэнчлэн  эхийг сахих ажиллагааны тухайд  зөрөөд байх юмгүй.  Мөн төвийг сахина гэдэг нь  энд тэндхийн зөрчил мөргөлдөөнийг  “Барсын тулааныг уулан дээрээс...” гэдэг шиг ажиглаад сууж байхын нэр биш. 
 
Эрдэнэт хүмүүний амь бие үрэгдэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх, терроризмын аюул занал, арьс өнгөөр ялгаварланэ гадуурхах, аймаглан устгах зэрэг чинь аливаа улс орны ажиглаад л сууж байх зүйл огт биш биз дээ.  Энэ бол нийт хүн төрөлхтний хамтран шийдэх хэрэг явдал.
 
Энд улс орон бүрийн хүчин чармайлт,  оролцоо чухал. Парист болсон террорист аллагыг өнөөдөр нийт, урьдаж ярьдгаар шударга хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, нийт хүн төрөлхтөнд учирч буй аюул занал, болохыг ухааруулсан хэрэг явдал гэж  жигшин эсэргүүцэж байна. Монгол Улсын төр засаг, ард түмэн ч үүрэгт дуу хоолойгоо нэгтгэн буй.
 
Тийм болохоор Монгол Улс төвийг сахих байнгын статусынхаа хүрээнд хүн төрөлхтний эсрэг терроризмын аюул заналтай тэмцэхэд улам ч идэвхтэй оролцох НҮБ-ын энхийг дэмжих олон улсын ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчнийхээ чадавхыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. 
 
-“Эвсэлд үл нэгдэх” болон төвийг сахих бодлого үе элээсэн, мухардалд орсон гэх  улстөрч бас байна?  
 
-Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний тухайд байх аа. Учир нь энэ хөдөлгөөн 1950 –иад оноос эхтэй, тэр үед шинэ тулгар тусгаар тогтносон (Колонит систем задран унасны үр дүнд) хөгжиж байгаа улс орнууд ЗХУ тэргүүтэй социолист систем, түүний цэрэг улс төрийн эвсэл Варшавын гэрээнээс ч, АНУ тэргүүтэй капиталист ертөнц (НАТО)-гийн ч аялдан дагахгүй, бие даасан бодлого, үйл ажиллагаа явуулж тусгаар тогтнол, эрх чөлөөгөө баталгаажуулах гэсэн хүсэл эрмэлзлэл, зорилгоор үүссэн олон улсын хөдөлгөөн байсан. Социалист систем задран унаж Варшавын гэрээ тарснаар эвсэлд нэгдэх хөдөлгөөн өрнөх, оршин тогтнох (үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагаа, институтын хувьд ) орон зайгүй болсон шүү дээ.  Олон улсын гадаад бодлогын том мэргэжилтнүүд иймэрхүү өнгө аястай зүйл ярьдаг л юм. 
 
Харин Щвейцарт төвийг сахихаа больсон гэх яриа, Украйн, Туркменд болсон хэрэг явдал зэргээс улбаатайгаар төвийг сахих бодлого утга чанараа алдаж буй яриа гарч байгаа болов уу.
 
Миний ойлгож буйгаар (Щвейцараас бусад) улс орнууд төвийг сахих бодлогоо олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлэх энэ асуудлаар дотоодын эрх зүйн зохицуулалтаа олон улсын эрх зүйд нийцүүлэх, төвийг сахих бодлогоо орон зай, цаг хугацаа зэргээ оновчтой тодорхойлох асуудлаа цогц шийдэж чадаагүйтэй л холбоотой биз.  Ер нь  төвийг сахих бодлого утга учраа алдаад байгаа нь юу л бол. 
 
Харин ч ертөнцийн соёл иргэншлийн болон хүчний төвүүдийн зөрчил ширүүсч буй энэ цаг өөр төвийг сахих статусаа НҮБ-аар хөрш гүрнүүд, гурав дахь хөршүүдээрээ (Барууны улс орнууд, АНУ, Ядон, Энэтхэг, Зүүн хойд, Зүүн өмнөд Азийн бусад орон гэх мэтчилэн  өөрийнхөөрөө л хэлж буй хэрэг) хүлээн зөвшөөрүүлэх, хуулиа сайтар шүүн тунгааж нягтлан хэлэлцүүлж батлуулах нь Монгол Улсын хөгжил дэвшил аюулгүй байдалд тус нэмэртэй болов уу гэж бодох юм.
 
Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, төвийг  сахих статусын талаар болгоомжилж, эргэлзэж буй дипломатчид, цэргийнхний санаа бодолд хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаасай гэж хүсэх байна.
 
Тэдэнд энэ цөвүүн цагт улс орноо л гэсэн санаа байхаас улс улс төржөөд  байгаа юм үгүй л болов уу. “Юманд учир, суманд занги” гэдгээр тэдний санаа бодолд авах гээхийн мэргэн ухаанаар хандаасай билээ. Чингэвээс үндэстэй сайн хууль, шийдэл гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Тэд чинь ажил мэргэжлийнхээ томчууд “Гурил нь дундуур туучсан” улс шүү дээ гэдгийг дахин хэлье. 
 
-Таны ярьснаас тодруулах зүйл байна. Щвейцар эдийн засгийн хувьд бие даасан, өндөр хөгжилтэй улс тул  төвийг сахих бодлогоо олон арван жил хэрэгжүүлж чадсан. Гэтэл Монгол Улс эдийн засгийн хувьд улам л бусдаас хараат болж байгаа үед төвийг сахих байнгын статусаа хэрэгжүүлж чадах болов уу? 
 
-Төвийг сахих байнгын статус хэрэгжих үйлчлэх орон зай бол цэрэг, улстөрийн харилцаагаар хязгаарлагдана гэснээ давтаж хэлье. Энэ бодлого үйл ажиллагаа улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх, бие даасан байдлыг хангах, хүн ардынхаа амьжиргааны чанарыг сайжруулах зорилготой эдийн засгийн гадаад харилцаа хамтын ажиллагаанд харшлах, зөрчилдөх юм огт үгүй гэж л ойлгож байна. Харин ч олон улсын хамтын нийгэмлэг, улс орнууд Монгол Улсад илүү итгэлтэй, найдвартай түншээ гэж үзэх, хандах нөхцөл илүүтэй бүрдэх учиртай.  
 
-Хоёр хөрш маань манай санал, санаачлагад хэрхэн яаж хандах бол. Манайх чинь ШХАН-т ажиглагчаар олон жил оролцож буй. Тэр байтугай  хөршүүд маань гишүүнээр элсүүлэх санал тавьж байгаа бус уу?
 
Монгол  Улс  хоёр их гүрний хооронд ёстой нөгөө “Хаданд хавчуулсан халиуны зулзага” лугаа  орон  шүү дээ. “Жийрэг улс”, “Бамбай улс” гэхчилэн элдвээр л бичиж байдаг юм.  Төвийг сахих байнгын статус эхлээд л хоёр хөршид маань хамаатай. Бид чинь Оростой нийлж Хятадтай тэмцэх эсхүл Хятадтай эвсэж Оросыг хохироох бодлого баримтлахгүй.
 
Монгол Улс хоёр их хөршид эрх тэгш, харилцан ашигтай хамтарна гээд байгаа бус уу. Гурав дахь хөршийн хувьд Орос, Хятадтай эвсэж бусдын эсрэг бодлого үйл ажиллагаа явуулахгүй нь тодорхой. Учир иймд хоёр хөрш Монгол Улсын энэхүү байр суурийг хүндэтгэн хүлээн авахад эргэлзэх юм үгүй л болов уу.
 
Монгол Улс төвийг сахих байнгын статустай болчихвол хоёр их хөрш, гуравдагч этгээдүүд хүндэтгэлтэй хандаж аливаа дарамт, шахалтад өртөхгүй байх нөхцөл бүрдэх юм.
 
Ч.Чулуунцэцэг
Эх сурвалж: "Монголын мэдээ"