sonin.mn

АНКАРА. /ВВС/. Турк-Сирийн хилээр нисэж явсан ОХУ-ын тийрэлтэт нисэх онгоцыг сөнөөснийг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин эрс буруушаав.

"Террористуудын хамсаатнууд" "ар нуруу руу хутга дүрсэн” хэрэг гэж тэрбээр мэдэгджээ.

Агаарын хилийг зөрчиж байгааг анхааруулсныхаа дараа манай онгоцууд гал нээсэн гэж Турк мэдэгдсэн. Харин ОХУ-ын мэдэгдсэнээр, тус улс Сирийн агаарын хилийг зөрчиж байгаагүй ажээ.

Туркийн хүсэлтийн дагуу НАТО-гийн гишүүн орнууд уг асуудлыг хэлэлцэхээр ээлжит бус хуралдаан зарласан байна.

Уг хэрэг явдлын талаарх холбоотнуудын дүгнэлтээс үзвэл ОХУ-ын сөнөөгч онгоц Туркийн агаарын хилийг нэвтэрсэн байна гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэв.

Сүйрч байсан сөнөөгч онгоцоос шидэгдсэн хоёр нисгэгчийн нэг нь газраас буудсаны улмаас амь үрэгдсэн гэж Оросын цэргийнхэн мэдэгджээ. Үлдсэн нэг нисгэгчийн хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна.

Эрэн хайх, аврах ажиллагааны үеэр ОХУ-ын нисдэг тэрэг үү халдсаны улмаас нэг цэрэг мөн амиа алдсан гэж ОХУ-ын армийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Москва болон Туркийн харилцаанд "ноцтой үр дагавар" гарна гэж Путин анхааруулсан байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Туркт хийх айлчлалаа уг хэрэгтэй холбогдуулан цуцалсан тухайгаа мэдэгджээ.

Мөн тэрбээр, оросуудад Турк руу зорчихгүй байхыг зөвлөөд, өнгөрсөн сард ОХУ-ын зорчигч тээврийн онгоцонд бөмбөг дэлбэлсэн Египетээс дутахааргүй терроризмын аюул Туркт байна гэж мэдэгджээ.

Хариу үйлдэл

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, агаарын орон зай болон газар нутгаа хамгаалах эрх Туркт бий бөгөөд Сири дэх ОХУ-ын цэргийн ажиллагаанд асуудал байгааг уг хэрэг явдал харуулж байна гэж мэдэгджээ. Мөн тэрбээр, чухам юу болсныг тогтоон, "хурцадмал байдал үүсэхээс" сэргийлэх арга хэмжээ авах нь чухал гэж мэдэгдсэн байна.

Турк хилээ хамгаалах эрхтэй бөгөөд үүнийг хүндэтгэх ёстой гэж тус улсын Ерөнхийлөгч Тайип Эрдоган мэдэгджээ.

ОХУ-ын цэргийн онгоцыг аргагүйн улмаас унагасны дараа "тайван" байхыг НАТО-гийн Элчин сайд нар Туркт уриалсан тухай дпломат эх сурвалжууд мэдээлснийг Ройтерс уламжилсан байна.

Сирийн газар нутагт нисэж явсан ОХУ-ын “Су-24” сөнөөгч онгоцыг Туркийн “F-16” сөнөөгч онгоцоос харвасан агаар-агаар ангиллын пуужингаар устгасан байна гэж Путин мэдэгдэв.  Туркийн хилээс нэг км зайд 6000 метрийн өндөрт нисэж байхад нь манай онгоцыг устгасан бөгөөд онгоц хилээс дөрвөн км зайд Сирийн нутагт унасан байна гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: Монцамэагентлаг