sonin.mn
Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга хурандаа А.Дашнямтай ярилцлаа. 
 
-Саяхан газар хөдөлж хүмүүс багагүй сандралдлаа. Ер нь манай улс гамшигт хэр бэлэн байна вэ?
 
-Онцгой байдлын байгууллага болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах хойшлуулшгүй сэргээн босгох  ажлыг жил тутам төлөвлөж бэлэн байдлаа тодотгож сургалт, дадлагыг хуваарийн дагуу зохион байгуулж ирсэн. Улаанбаатар хот орчим жил бүр хавар, намар газар гэсэх болон хөлдөх үед  газар хөдлөлтийн чичирхийлэл илт мэдрэгддэг. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийнхээс  арай илүү магнитудын чичирхийлэл мэдрэгдсэн.
 
Үүнтэй уялдуулан ОБЕГ, болон бусад мэргэжлийн байгууллага үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулснаар төрийн дээд шатанд анхаарал тавьж нэлээдгүй асуудлуудыг шийдвэрлэж байна. Энэ цаг үеэ олсон зөв алхам болсон гэж дүгнэдэг.Улаанбаатар хотын хувьд газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж  зарим асуудлыг шийдвэрлэж байна.
 
Жишээ нь 2009 онд иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан 47 дугаар байрлалд 600 хүн цугларах талбайг 32-оор  нэмэгдүүлж 79 газар болгон томилгоожуулж  1.1 сая хүн цугларахаар  тооцон зургаан  дүүрэгт  нүүлгэн шилжүүлэхээр болсон. Зургаан газраа  20-оор нэмэгдүүлж  26 болгон томилгоожуулах  төсөл боловсруулж НИТХ-аар батлуулахаар ажиллаж байна.
 
–Ямар нэг аюул, ослын үед иргэд хамгийн түрүүнд хаана, ямар аюулгүй газар очих вэ гэдгийг тэр бүр мэддэггүй. Гадаадын орнууд өндөр барилгынхаа доод давхрыг хоргодох байрны зориулалтаар ашигладаг гэсэн?
 
-Нийслэлд  хуучин иргэний хамгаалалтын  зориулалтаар ашиглагдаж байсан есөн хоргодох байр байдаг. Энэ нь одоо хуучирч муудсан  ашиглалтын шаардлага хангахгүй. Тэгээд ч хүйтэн дайны үед цацраг хими болон агаарын дайралтаас хамгаалах зориулалттай барьж байсан үндсэн барилга нь газар хөдлөлтийн чичирхийллийг  тэсвэрлэхгүй зэрэг асуудал байгаа. Бид гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд  40  хоргодох байр томилгоожуулсан.
 
Нөхцөл байдалтайгаа уялдуулаад байрны доод давхрыг хоргодох зориулалтаар ашиглахгүй. Яагаад гэхээр байрны насжилтаас гадна цагийн аясаар муудсан байшин нурах аюултай. Тиймээс дээрээ барилгагүй хоргодох байрыг байгуулъя гэсэн санал оруулж байгаа. Тухайлбал, тоглоомын талбайн доод талын гарааш, сургуулийн заал зэргийг  хоргодох байр болгож ашиглая гэж тооцож байна. Энэ нь олон улсын жишигт нийцэж байгаа
 
-47 хоргодох байрыг бэлэн гэж ойлгож болно биз дээ. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх сургуулийн заал газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ?
 
-Тийм ээ, бэлэн. Найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй сургуулийн заалуудыг сонгосон. Нөгөө талаараа заалууд дээрээ давхар байхгүй чанартай. Энэ 47 газрыг олон улсын жишгээр томилгоожуулсан.
 
-Нүүлгэн шилжүүлэхээр зам түгжирнэ, зай завсаргүй байшин барилгуудын замыг хэрхэн чөлөөлөх гээд төсөөлөөд бодоход бэрхшээлтэй. Нөгөө талаас томилгоожуулсан газарт барилга барих асуудал хэр байдаг вэ?
 
-Томилгоожуулсан газарт  барилга барих асуудал гардаг. Нийслэлийн өмч харилцааны газар манай газрын харилцааны алба талбай дээр барилга байшин бариулахгүй байх, нүүлгэн шилжүүлэх байршлуудыг томилгоожуулах зэрэг газартай холбоотой бүх асуудлыг хариуцдаг.
 
Нийслэл гамшгаас хамгаалах томилгоожсон 16 алба үндсэн чиг үүргийнхээ дагуу гамшгаас аврах болон хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулдаг. Жишээ нь  замын түгжрэл саатлын тухайд хэв журам сахиулах алба, авто замын албад хамтран зохион байгуулах, нүүлгэн шилжүүлэх ажлыг  тээврийн  алба, хоол хүнсний асуудлыг хүнсний алба эрүүл мэндийн алба эмнэлгийн тусламж үзүүлэх гэх мэтээр ажилладаг
 
-Гамшгийн үед иргэд ямар үүрэгтэй, яаж оролцох ёстой вэ. Гадаадын улс оронд бол өөрийгөө, хөршөө хамгаалах талаар нарийн мэдлэг мэдээлэлтэй байдаг төдийгүй практикт үр дүнтэй байдаг юм билээ?
 
- Өөрийгөө болон бусдыг аврах талаар цэцэрлэгийн наснаас нь зааж сургах хэрэгтэй. Онцгой байдлын байгууллагаас гамшгийн үед өөрийгөө, бусдыг ингэж хамгаална шүү гээд байнгын сургалт явуулдаг ч манай улсын иргэд тийм зовлон бодитоор үзээгүй учраас хийсвэр ойлгодог.
 
Жишээ нь бидний явуулж байгаа сургалтыг хамгийн идэвхтэй бодитоор хүлээж авдаг хүмүүс бол цэцэрлэгээс тавдугаар  ангийн хүүхдүүд. Энэ наснаас дээш хийсвэр хүлээж авч тоглоом наргиан болгоод л өнгөрдөг. ХААИС дээр сургалт хийж байхдаа газар хөдлөлт болбол та нар ширээн доор ороорой гэх зэргээр зөвлөмж өгсөн. Гэтэл оюутнууд нь ширээн доогуураа орсон байхад багш нь сандал дээр сууж байх жишээтэй.
 
Тэгээд яасан гэхээр би бас орох ёстой юм уу гэж байна. Толгой дээрээ хатуу зүйл бариарай гэхэд бичгийн цаас барьчихаад зогсч байна. Бид газар хөдлөлтийн гамшиг тохиолдож байсан улс орнуудаас суралцаж тэдний хэрэгжүүлж байгаа  зөвлөмжийг  танилцуулж сурган зааварладаг. Ширээ даац сайтай бат бөх материалаар хийсэн байх ёстой. Гэтэл манай улсад ашиглаж байгаа ширээ  энэ шаардлагыг хангах уу гэх мэтчилэн асуудал байна.
 
Ер нь яах гэж юмны доор ор, хананы дагуу зогс гээд байгаа гэдэг нь бэртэхгүй,  толгойгоо гэмтээхгүй байх ёстой. Хэрэв газар хөдлөлт болоод та нурангид дарагдчихлаа гэж бодоход  ухаантай байх л хамгийн гол асуудал. Энэ нь  тодорхой хугацааны дараа таныг аврагч нар хайна энэ үед та ухаантай байвал дуу чимээ, авиа гаргаснаар хурдан аврагдах боломжтой. Ухаангүй байвал таны хажуугаар яваад хугацаа алдах эрсдэлийг үүсгэнэ гэсэн үг.
 
-Гамшгаас өөрийгөө болон өрөөлийг хамгаалах талаарх олон улсын зөвлөмжөөс дурдвал? 
 
-Олон улсын зөвлөмжийн хамгийн эхний асуудал бол ширээн доогуур орох, даацын хана дагуу зогсох, цахилгаан шатанд орохгүй байх зэрэг зөвлөмжүүд байдаг.  Мөн байгууллагууд гамшгийн үеийн  төлөвлөгөөт гарцуудыг сайн тэмдэгжүүлж баталгаажуулах тал дээр муу байна. Ямар нэг зүйл боллоо гэхэд төлөвлөсөн гарцаараа гарч цугларах талбайд очих ёстой.
 
Японы туршлагаас харахад иргэд хаалган дээрээ зайлшгүй хэрэг болох зүйлсийг агуулсан цүнх  өлгөсөн байдаг. Гарахдаа шүүрч аваад гардаг. Энэ нь тодорхой хэмжээнд тэрийгээ хэрэглээд  аврах багийг очтол өөрийгөө хамгаалаад байж байна гэсэн үг. Бид бас энэ шаардлагыг тавьж байгаа.  Манайхны нэг онцлог байдаг гамшиг болж болзошгүй  гэхээр онцгой байдлынхан аварна, хамгаална гэдэг. Гэтэл онцгой байдал хүн болгонд очиж тусалж чадахгүй. Тиймээс хүмүүс итгэхгүй өөрийгөө хамгаалах хэрэгтэй.
 
-Байгууллагуудын гарцны асуудал хэр байдаг вэ?
 
-Байгууллагуудын гарцны асуудал маш хүнд.   Манайх мэргэжлийн байгууллагуудаас маш өндөр стандарт шаарддаг. Гамшгийн  хуульд аж ахуйн нэгжүүд ямарваа нэгэн газар хөдлөлт болоход түр цуглах талбайтай байна гэж.
 
Жишээ нь нэг байгууллага гурваас доошгүй гарцтай байх ч гэдэг юм уу мөн гарааш үндсэн хаалганаас гадна аврах  гарц байх ёстой. Барилга барьж улсын комисст хүлээлгэж  өгөхдөө   гарц хийж   хүлээлгэж өгчихөөд, сүүлд нь хаагаад гарааш  болгоод зарчихдаг. Нэг  бол онгойхооргүй бөгөлчихдөг. Манайд гаднаас зочид төлөөлөгчид ирээд буудалд байрлахдаа хамгийн түрүүнд танай аврах гарц чинь хаана байна.
 
Би хаашаа гарах ёстой вэ гэж асуудаг. Гэтэл манай зарим буудалд аврах гарц байдаггүй. Гадны хүмүүс өөрийгөө маш сайн хамгаалаад сурчихсан. Түр байрлах талбайг яагаад томилгоожуулаад байна вэ гэхээр ямар нэгэн гамшиг боллоо гэхэд хүмүүс манай байгууллагын дараагийн дохио өгөхийг хүлээх ёстой. Хэрэв ямар нэг юм боллоо гэхэд хүмүүс өөрийн түр цуглах талбайд цуглах ёстой. Мөлхөөд ч болтугай тэр талбайд очих ёстой гэдгийг суулгах ёстой.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин