sonin.mn

УЛААН-ҮД. /TASS/. Визгүй зорчих журам нэвтрүүлснээр Буриадад зорчсон Монгол Улсын иргэдийн тоо энэ оны эхний есөн сарын хугацаанд 2.5 дахин нэмэгдсэн байна. Энэ тухай Буриадын Эдийн засгийн яам мэдээлжээ.

 

“2015 оны эхний есөн сарын хугацаанд Буриадад Монголын 300 мянган иргэн зорчсон нь жилийн өмнөх үзүүлэлтээс 2.5 дахин их тоо юм. Хэдийгээр эдийн засгийн байдал тогтворгүй байгаа боловч Монголоос ирэх жуулчны урсгал нэмэгдсэн нь үйлчилгээний салбар, жижиглэнгийн худалдаа эрхэлдэг компаниуд болон аялал жуулчлалын бизнес хөгжих боломж олгосон” гэж  тус яам цохон тэмдэглэсэн байна.

Есөн сарын хугацаанд бүс нутгийн жижиглэнгийн худалдааны эргэлт 122 тэрбум рубль болсон нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 20.5 тэрбум рублиэр өссөн үзүүлэлт аж. Ийм үзүүлэлттэй гарснаар Буриад улс  бараа эргэлтийн өсөлтийн хурдцаар /103.3 хувь/ ОХУ-ын Сибирийн тойрогт нэгдүгээрт орсон байна.

Үүнээс гадна, Буриадад бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн тоо 20 хувиар өссөнийг шинжээчид тэмдэглэжээ.

Орос, Монголын хооронд визгүй зорчих журам нэвтрүүлэх гэрээнд хоёр орны төрийн тэргүүн нар өнгөрсөн оны есдүгээр сард гарын үсэг зурсан билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг