sonin.mn

Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн санаачилгаар Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо нар хамтран “Ажилтай, орлоготой Өвөрхангайн залуус” хөдөлмөрийн өдөрлөгийг энэ сарын 27-нд тус аймгийн МСҮТ-д зохион байгуулахаар болжээ.

 

Өдөрлөгийн үеэр ажил эрхлээгүй залуучуудыг бүртгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь туслах, зөвлөгөө өгөх болон бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүсэлтэй залуучуудыг бүртгэх юм. Мөн МЗХ-ноос ирэх онд хэрэгжүүлэх “Илгээлтийн эзэд II” хөтөлбөрийг орон нутгийн иргэд, залуучуудад танилцуулах аж.

Тус аймгийн ажилгүй залуучуудыг бүтээн байгуулалтын ажилд тухайлбал, авто болон төмөр замын байгууламж, барилга орон сууц, уул уурхай, хүн хөнгөн үйлдвэрүүдэд ажиллуулах боломжтой юм. Өвөрхангай аймаг 112 мянган хүн амтай.

Түүнээс хөдөлмөрийн насны 75 мянган хүн байдгаас ажил идэвхтэй хайж байгаа 1800, ажилгүй 3000 хүн бүртгэлтэй байгаа юм. Ажилгүй иргэдийн тоо түүн дотор залуучууд, дээд боловсролтой ч ажилгүй байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь тус аймгийн хувьд анхаарах асуудал болсон гэнэ.