sonin.mn

 

НЬЮ-ЙОРК. /АА/. Жирийн иргэдийн амь үрэгдэж, тэдний эд хөрөнгийн хохирол учрахаас зайлсхийх боломжтой бүх арга хэмжээг авахыг Сирид агаарын цохилт өгч буй Орос болон бусад улсад НҮБ уриалав.

“Жирийн иргэд цохилтод өртөх болон тэдэнд ямар нэгэн хохирол учруулахаас зайлсхийхийн тулд бүгдийг хийж, олон улсын хуулийн хүрээнд ажиллах хэрэгтэй" гэж Орос, Сирийн хүчин Сирийн баруун хойд нутгийн туркмен хүн ам суурьшсан газар нутгийг бөмбөгдсөн талаарх асуултад НҮБ-ын төлөөлөгч Стефан Дюаррик хариулжээ.

Сирийн Засгийн газрын хүчин болон Оросын нисэх онгоцны агаарын болон хуурай замын хамтарсан дайралтын улмаас мянга мянган туркмен дүрвэсэн юм. Өнгөрсөн хэд хоногт, Сирийн 2000 туркмен Туркийн өмнөд нутагт ирсэн байна.

“Агаарын ч бай, хуурай газрын ч бай хүчирхийлэл олноороо дүрвэх аюулыг нэмж байна" гэж төлөөлөгч Дюаррик хэлэв.

Лалын суннит болон шиит шашинтнуудаас бүрдсэн туркменуудын нийгэмлэг Турктай соёлын нягт холбоотой юм.

Х.Аминаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг