sonin.mn
Одоогоос 17 жилийн өмнө бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн С.Зориг агсны эхнэр Д.Булганыг энэ сарын 14-ны өдөр цагдаагийнхан гэрээс нь баривчилсан. Түүнийг баривчилсантай холбогдуулан хэвлэлээр янз бүрийн мэдээлэл өнөөг хүртэл гарсаар байгаа.
 
Хамгийн гол нь Д.Булганыг яг ямар хэрэгт хамаатуулан цагдан хорих болсон гэдэг нь тодорхойгүй байгаа учраас хүн бүхэн сонирхох болсон билээ.
 
Тэгвэл Д.Булганыг талийгаач С.Зоригийн хэргээр биш хар тамхины хэрэгт холбогдуулан саатуулсан гэх мэдээллийг баттай эх сурвалж өгсөн юм. Бид энэ талаар ЭЦГ-ын холбогдох хүмүүсээс асууж тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзав. Шүүхээс түүнийг үргэлжлүүлэн 14 хоног саатуулах шийдвэр гаргасан.
 
Гэхдээ энэхүү хугацааг сунгах шүүх хурал хаалттай болсон учраас энэ асуудал олон нийт хийгээд хэвлэлийнхэнд хүрээгүйгээс хэргийн сэжүүрийг таамаглахад ихэд бүрхэг болсон юм. Өөрөөр хэлбэл, өнөөг хүртэл хууль  хяналтын аль ч шатны байгууллага Д.Булганыг яг ямар хэргээр саатуулсан тухай мэдээлэл өгөхгүй байгаа нь хачирхалтай.
 
Ямартай ч төдийгөөс өдий хүртэл С.Зориг агсны хэргийн мөрдөн байцаалт нэг ч удаа зогсоогүй гэдгийг хуулийн эх сурвалж хэлж байна.Уг хэргийг шалгаж буй ажлын хэсэг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд байрлаж ажлын хэсэг cap бүр хийсэн ажлаа тайлагнадаг аж.
 
Хэрвээ энэ хэрэгт ямар нэгэн тодорхой ахиц гараагүй бол яагаад гэсэн шалтгаанаа ч cap бүр холбогдох хүмүүст нь тайлагнаж, хэргийг сонгуулиас өмнө шийдэхийг үүрэг болгосон гэнэ. Олон нийтийн зүгээс энэхүү аллагын захиалагчийг л олж илрүүлээсэй гэсэн хүлээлт байдаг. Харин олон жил нам жим байсан хэргийг ийнхүү дахин гаргаж ирж буй нь сонгуультай холбоотой ээлжит шоу гэх хардлага нийгэмд байсаар байна.
 
Хуулийнхан үнэхээр С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан түүнийг цагдан хорьсон бол тайлбар өгөхөөс татгалзах зүйл байхгүй баймаар. Юутай ч Д.Булганыг саатуулагдсан гэдгийг сонссон иргэд хийгээд УИХ-ын гишүүд санал бодлоо цахим ертөнцөд илэрхийлсээр байна.
 
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү твиттер хуудсандаа "С.Зоригийн хэрэг тун удахгүй илэрнэ гэж итгэж байна" гэжээ. Харин зарим иргэдийн хувьд энэ хэргийг дахин сөхөгдөж, үнэн учир нь тайлагдана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байгаа юм. Дашрамд хэлэхэд, Д.Булгантай хамт Эрдэнэтээс хоёр иргэнийг шалгаж байгаа талаарх ”бор шувуу" ниссээр байгаа. Чухам хэн гэгч, ямар учраас шалгагдаж эхэлсэн нь тодорхойгүй байгаа ч улстөрийн хүчнээс цагдаагийн даргыг томилж байгаа цагт С.Зоригийн аллага “цоожтой” хэвээр байх болно гэдгийг ч зарим нэг хуулийнхан ил далд хэлсээр байгаа.
 
Магадгүй энэ үнэний ортой ч байж мэднэ. Учир нь аллага болсон өдөр одоогийн эрх барьж буй намын лидерүүд бүгд хэргийн газар дээр очсон гэдгийг хэвлэлүүд олонтаа онцолж байсан. Тиймээс энэ хэрэг лав л одоо илрэхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
 
Харин дээр дурдьсанчлан хатагтай Д.Булган хар тамхины хэрэгт нэр холбогдсон гэдэг нь яалт ч үгүй бодит үнэн болж таарна. Өөрөөр хэлбэл, аймшигт аллагын гэрч болсон энэ эмэгтэйг гэнэт сэжигтнээр байцааж, олон нийтэд зарлаж байгаа нь С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэрэгтэй холбогдуулан байцаалт аваагүй, харин сонгуулийн өмнөх ээлжит шоу бололтой.
 
Хэрэв тийм биш бол 17 жилийн хугацаанд түүнээс асуугаагүй, тодруулах зүйл үлдсэн гэж үү. Ямартай ч энэ удаагийн баривчилгаа хэрхэх, цаашдаа яаж өрнөхийг урьдчилан тааварлахад хэцүү. Сонгуулийн өмнөх ээлжит шуугиан чигээрээ замхрах уу, эсвэл үнэхээр Д.Булган гэгч учир битүүлэг эмэгтэй хар тамхины хэрэгт орооцолдсныг нь улстөрчид нууцын зэрэглэлд оруулчихав уу. Юутай ч бид энэ хэргийн талаар эргэж мэдээллэх болно.
 
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"