sonin.mn

Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Майхант толгойн Шороон бумбагарын бунхант булшны ханын зургийг сэргээн засварлах, хадгалж хамгаалах тухай онол, практик хосолсон сургалтыг зохион байгуулна.

Монгол-Казахстаны хамтарсан археологийн төслийн хүрээнд 2011 онд Түрэгийн үеийн археологийн томоохон олдворуудыг Булган аймагт илрүүлсэн юм. 45 ханын зураг болон 300 гаруй эд зүйлс бүхий олдворуудыг Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор түүний ойр орчим дахь дурсгалын хамт улсын хамгаалалтад авсан байна. Тухайн газар нь Улаанбаатар хотоос баруун тийш 220 км, Эртний монгол гүрний туурин дээр Орхоны хөндийн соёлын дурсгалт газар Дэлхийн өвөөс 100 км зайтай байрладаг.

Сургалтыг ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Соёлын өвийн төв, Монакагийн итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж байна.

Энэхүү сургалтыг олон улсын экспертүүд удирдан явуулах юм. Археологийн олдвор, ханын зургийг хэрхэн сэргээн засварлах, хадгалж хамгаалах тухай олон улсын жишээг ашиглан онол, практик хичээл, хээрийн дадлага хослон Соёлын өвийн төвийн сэргээн засварлагч болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцох аж.

Сургалт Булган аймгийн Баяннуур сумын нутагт энэ сарын 19-ний өдрөөс ирэх сарын 06-ны хооронд болно.

Ж.Болор

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг