sonin.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх уг хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжлээ.

Зөрчлийн тухай хуулийн төслөөр зөрчлийг гэмт хэргээс зааглан тодорхойлж, өнөөдөр Монгол Улсын нийт 230 гаруй хуульд заасан хууль зүйн нэгдсэн бодлогоор цэгцлэгдээгүй 1250 орчим зөрчлийг нэг стандартаар төрөлжүүлэн нэгтгэсэн бөгөөд зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтнаас харьяалан шийдвэрлэх зөрчлийг тодорхойлж, эрх хэмжээг зааглан тогтоосон байна.

Салбарын хүрээнд баталсан дүрэм, журмаар хүн, хуулийн этгээдийн эд зүйл, эзэмшил газарт үзлэг хийх, баримт бичиг, эд зүйл хураан авах, битүүмжлэх, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах зэрэг ажиллагааг хэрэгжүүлж байгааг өөрчилж, нэгдсэн журмаар зохицуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, зөрчил шалгах ажиллагааны төрөл, түүнийг хэрэгжүүлэх журмыг нарийвчлан тусгаснаар эрх бүхий албан тушаалтан ямар төрлийн зөрчилд холбогдуулан хүн, хуулийн этгээдийг шалгаж байгаагаас үл хамааран нийтлэг журмаар ажиллах, ингэснээр хууль хүн бүрт тэгш үйлчлэх эрх зүйн үндэс бүрдэх юм байна.

Түүнчлэн зөрчил шалгахтай холбоотой хүний эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээний төрлийг тогтоож, хэрэгжүүлэх журмыг нарийвчлан тогтоож, хяналтаас гадуур хүний эрхийг хязгаарлахыг хориглохоор заажээ. Хүнийг хэн болохыг нь тогтоох зорилгоор 6 цагаас илүү хугацаагаар саатуулахгүй бөгөөд харин согтуурсан, мансуурсан үедээ зөрчил үйлдсэн хүнийг 24 цаг хүртэл, хилийн дэглэм зөрчсөн хүний хувийн байдлыг тогтоох шаардлагатай бол 7 хоног хүртэл хугацаагаар прокурорын хяналтын доор саатуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд иргэн, хуулийн этгээд нь шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй байхаар зохицуулсан байна.

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг