sonin.mn

 Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн иргэдэд  батламжийг олголлоо

2015 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад нийт 1278 оролцогч оролцсоноос 364 оролцогч буюу нийт оролцогчдын 28.4 хувь нь шалгалтад тэнцсэн билээ. Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 7.9-д “Шалгалт дууссанаас хойш 30 хоногийн дотор уг шалгалтад тэнцсэн этгээдэд өргөдөлд дурдсан мэдээллийг баримтжуулах баримт бичгийн үнэн зөв байдлыг шалгаж үзсэний үндсэн дээр Ажлын хэсэг батламж олгоно” гэж заасан. 

Энэ дагуу хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн иргэдэд батламж олгох талаарх мэдээллийг шалгалтад тэнцсэн иргэдийн цахим шуудангийн хаяг, болон гар утсанд бичил захидал илгээн мэдээллийг хүргэсэн.

Шалгалтад тэнцсэн иргэдийн өргөдөлд дурдсан мэдээллийг баримтжуулах баримт бичгийн үнэн зөв байдлыг шалгаж үзсэний үндсэн дээр шалгалтад тэнцсэн тухай батламж олгох ажлыг 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 8-ны өдөр хүртэл зохион байгуулалтын хуваарь гарган ажлын цагаар олгосон. Хуульчийн мэргэжлийн шалгалтанд тэнцсэн тухай батламж авсан иргэд 90 хоногийн дотор  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу Монголын хуульчдын холбоонд гишүүнээр элсэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах боломжтой болох юм.

Монгол Улсын Хууль зүйн яам