sonin.mn

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа Хүүхдийн ордноос жил бүрийн "Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр"-ийг тохилдуулан уламжлал болгон зохион явуулдаг "Төгс ертөнц" өдөрлөг энэ сарын 09-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Уг арга хэмжээ нь охидын эрүүл мэнд, гоо зүй болон сэтгэл зүйн боловсрлыг дээшлүүлэх, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явах ахуйн соёлыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулагддаг юм. Өдөрлөгийн үеэр эмэгтэй хүний эрхэм чанар, хэрхэн үнэ цэнэтэй байх талаар сургалт явуулахын зэрэгцээ миний үнэ цэнэ, өдөр тутмын дэгжин үс арчилгаа, охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар зөвлөгөө, мэдээллүүдийг охидод өгсөн байна. Мөн энэ үеэр охидын гараар урласан “Уран сэтгэмж” бүтээлийн үзэсгэлэн тавигдаж, урлагийн тоглолт болжээ.

Өдөрлөгт Зүүнхараа хотын ЕББДС-ийн 8-12-р ангийн охидууд, Зүүнхараа Политехник коллежийн 15-18 насны охидууд оролцсон байна. Өдөрлөгийн төгсгөлд өөрийгөө бүү гол, өөртөө итгэлтэй бай, өөрөөрөө бахарх, өөртөө цаг зав гарга, өөртөө хайртай бай, өөдрөг байж, нуруугаа цэх тавиад урагшаа алх охид минь хэмээн уриалжээ.   

  Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг