sonin.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Тус төсөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,6 их наяд, нийт зарлагыг 7,722.8 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Ирэх 2016 онд уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлснээр төсвийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ. Түүнчлэн, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлснээр далд эдийн засаг буурах, татвар төлөгчийн илрээгүй байсан орлого, хөрөнгө ил болж, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, татварын бааз суурь өргөжсөнөөр  ирэх онд татварын орлого нэмэгдэх боломж бүрдэнэ хэмээн Сангийн сайд Б.Болор танилцууллаа.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Хуулийн төсөлд Төрийн банкыг хувьчлахаар тусгасан байна. Уг хувьчлалаас хэдэн төгрөг олох, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хүрээнд хэдэн төгрөгийн татварын суурь бий болно гэж тооцоолсон бэ хэмээн тодруулсан. Сангийн сайд Б.Болорын хариултаар бол Төрийн банкыг хувьчилж 75 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Харин Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хүрээнд 100 гаруй тэрбум төгрөг татварт төвлөрүүлнэ хэмээн хариуллаа.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ирэх онд төлөх зээлийн үйлчилгээний төлбөр төсөвт дарамт учруулна. Монгол Улс төсвийнхөө орлогын 63 хувийг зөвхөн зээлийн хүү, зээлийн хүүгийн үйлчилгээний төлбөрт өгөх нөхцөл байдал үүссэн тул төсвийн алдагдлыг 0 хувьтай батлах ёстой. Үүний тулд төр данхгар бүтцээсээ салж, Засгийн газар энэ оны 12 дугаар сарын 1-нээс 9 яамтай ажиллах хэрэгтэй гэсэн санал хэллээ.

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг