sonin.mn

Увс аймгийн Өмнөговь сумын нутаг Орлогын голд Швейцарын хөгжлийн агентлаг, АНУ-ын Азийн сангийн санхүүжилтээр нөхөн сэргээлтийн ажил хийсэн байна.

Сүүлийн жилүүдэд Орлогын голд гар аргаар алт олборлогчид буюу нинжа нар, мөн зарим компани, нөхөрлөлүүд алт олборлож, тэр хавийн газар нутгийг сүйтгээд байсан юм. Иймээс орон нутгийн ард иргэдээс бүрдсэн “Бид Намирын эзэд”, “Баян нутгийн хишиг” ТББ-ын гишүүд тус бүр 5 га, нийтдээ 10 га газрыг сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга, АНУ-ын “Азийн сан”-тай гурвалсан гэрээ байгуулж, нөхөн сэргээлтийн ажил хийсэн байна.

Өмнөговь суманд 200 гаруй хүн гар аргаар алт олдворлодгоос 110 орчим нь нэгдэж “Бид намирын эзэд”, “Баян нутгийн хишиг” гэсэн хоёр төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байна. Эдгээр ТББ-ууд тус бүрдээ 36 сая 900 мянган төгрөгийн санхүүжилт авч, 2 сарын хугацаанд нөхөн сэргээлт хийж дуусган ажлаа хүлээлгэж өгчээ. Ирэх жилээс өвс ургамал нэмж суулгах юм байна.

“Тус сумын нутаг Цэрэнцэг, Орлогын голд одоо нөхөн сэргээлт хийх шаардлагатай 15 орчим га газар үлдсэн бөгөөд боломж гарвал эдгээр газруудыг ч гэсэн нөхөн сэргээх санаа байна” хэмээн Өмнөговь сумын Засаг дарга Р.Төмөрчөдөр онцоллоо.

Сүүлийн үед орон нутгийн иргэд тодорхой хэмжээгээр хариуцлагатай болж, гар аргаар алт олборлохоо больсон байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг