sonin.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,  Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрыг нэгтгэж,  Үндэсний орлогын газар байгуулах болсон байна. Нэгэнт ийм томоохон алба байгуулж байгаа юм чинь НДЕГ-ыг ч нэгтгэх хэрэгтэй. Мөн Худалдан авах ажиллагааны газар (ХААГ)-ыг татан буулгах болон ҮСХ-г УБЕГ-т нэгтгэхийг эсэргүүцэж байна. ХААГ-ыг татан буулгачихвал сайд нар дахиад л тендерийн асуудалтай зууралддаг болно. Тиймээс ХААГ-ыг хэвээр үлдээж сайд нар төрийн гол бодлогоо зангидахад анхаарах хэрэгтэй. Түүнчлэн 2016 оны 8 дугаар сарын 01-нээс Засгийн газар 9 яамтай ажиллана гэж заасан байна. Ингэж болохгүй. Энэ бол 2016 оны сонгуулийн дараа байгуулагдах  Засгийн газрын бүрэн эрхэнд шууд халдсан асуудал” гэлээ.

Сангийн сайд Б.Болор, НДЕГ нөгөө хоёр байгууллагаасаа арай өөр. Бие даасан хуультай, төсвийн бус байгууллага тул Үндэсний орлогын газарт нэгтгэх нь буруу гэж үзсэн. ХААГ өнгөрсөн 3 жилийн хугацаанд яамдуудтайгаа харилцан уялдаа муутай ажиллаж ирсэн. Ирэх оноос бүх тендерийг цахим хэлбэрээр явуулах зорилго тавьсан тул тус газрыг татан буулгахаар төлөвлөсөн хэмээн хариулав.

Мөн үеэр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкинд хүү багатай байршуулж 2 хувийг хувьдаа завшсан талаар мэдээлэл ирсэн. Энэ асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам шалгах хэрэгтэй” гэсэн санал хэллээ.

Сангийн сайд Б.Болор уг асуудлын талаар тодорхой мэдээлэлгүй байгаагаа хэлээд “Хэрэв ийм асуудал байгаа бол нийгэмд ил тод зарлаж, хариуцлага тооцох хэрэгтэй” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Засгийн газар ирэх онд Гаалын албан татварыг нэмэхээр төсөвт тусгасан байна. УИХ өргөн хэрэглээний барааны үнэ өсгөхөөс сэргийлж, татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт өргсөн. Гэтэл татвар нэмэхээр өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өснө гэдгийг тооцоолж үзсэн үү. Үүний оронд Онцгой албан татварыг тэглэх ёстой. Ингэвэл шатахууны үнэ ч буурна. Мөн Эрчим хүчний салбарын үйл ажиллагаан дахь төрийн оролцоог бууруулж, чөлөөт зах зээлд шилжүүлэх хэрэгтэй” гэсэн санал хэлэв.

Сангийн сайд Б.Болор “Эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчимд шилжүүлэхтэй санал нэг байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл явж ирсэн зарчмаасаа шууд татгалзах боломжгүй. Тодорхой үе шаттайгаар, аажмаар хийх хэрэгтэй” хэмээн хариулав.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлах нь зөв гэж үзлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг