sonin.mn

Энэ жилийн хувьд Монгол Улсад улсын бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой тохиож байгаа ажээ. Тус байгууллагын хувьд улс болоод аймгийн хэмжээнд техник технологийн шинэчлэлтийг үлгэр жишээ хийснээрээ онцлогтой юм. Ингээд Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн ажил үйлс хэрхэн өрнөж буй талаар тус хэлтсийн дарга Х.Батгэрэлтэй ярилцлаа.

 

-Юуны өмнө танд удахгүй болох ойн баярын тань мэндийг хүргэе. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс өнөөдөр ямар бүтэц зохион байгуулалтайгаар үйл ажиллагаагаа явуулж, улсын бүртгэлийн үйлчилгээг ард иргэддээ хэрхэн хүргэж байна. Танай хэлтэс нэлээд амжилт арвин байгаа гэж сонсогдсон?

-Манай улсын бүртгэлийн хэлтэс нийт 48 хүний бүрэлдэхүүнтэй, хэлтэс дээр 22 хүн, үлдсэн 26 ажилчин албан хаагчид маань 17 сум, 6 тосгонд ажиллаж байна. Өнөөдөр Мандал сумын Хэрх тосгон бол сумын төвөөсөө 10 хүрэхгүй шахам км-ийн зайд оршдог.

Гэтэл тэнд улсын бүртгэлийн үйлчилгээг хариуцсан хүн ажиллаж байгаа. Бид ер нь анхан шатны нэгж буюу иргэн яг өөрийнхөө харьяа засаг захиргааны нэгж дээрээс бүртгэлийн үйлчилгээгээ авах талаар сүүлийн үед сайн ажилласан. Урьд нь сумдад ажиллаж байгаа бүртгэгч нар иргэний бүртгэлийн улсын бүртгэгч гэгддэг байсан.

Харин өнөөдөр эд хөрөнгө хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр боломжтой бүртгэлийг хийдэг, шаардлагатай үед өөрөө бүртгэл хийх боломжгүй эрх шилжих ч байдаг юмуу ийм үед зөвлөгөө өгдөг, зөвлөгөө өгсөний дагуу материалаа бүрдүүлээд аймагтаа ирэхэд эргэж буцахгүй байхыг боломжтой болсон. Жилийн эцэст бид улсын бүртгэгч нарын ажлын үр дүнг дүгнэхдээ тухайн сумаас хэдэн материал ирсэн байна, хэд нь дутуу материалтай буцсан байна гэдгийг хардаг.

Гол нь иргэд өөрсдөө манай бүртгэгч нар дээр ирсэн байх тохиолдолд материал буцахгүй. Сүүлийн үед гомдол гэхээсээ талархал их ирдэг болсон. Бидний ажлыг маань улс, аймгаас үнэлээд 2014 оны ажлаараа  УБЕТ дээрээ манай хэлтэс 3-р байранд, аймгийн хэлтэс агентлагуудаас аймагтаа  тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн. Цаашид амжилтаа улам л ахиулна. Энэ жил бидний өмнөө тавьсан гол зорилго бол аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу иргэн газар өмчлөх ажлыг эрчимжүүлэх зорилт тавьсан.

Энэ хүрээнд бид сумдын засаг дарга нар захирамжаа гаргасан л бол яаралтай улсын бүртгэлд бүртгэх ажлыг хийж байна. Мөн цахимжаагүй 10 сумаа цахимжуулах ажлыг хийж байна. Эд хөрөнгийн үйлчилгээг цахимжуулчих юм бол иргэндээ ч бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагадаа ч маш их ач холбогдолтой юм. Үүнийг бусад аймгуудад бүсийн хөгжлийн тулгуур төв, нийслэлийн дүүргүүдэд мянганы хөгжлийн сорилтын сангаар хэрэгжүүлсэн. Одоо дэлхийн банкаар үлдсэн аймгуудад хэрэгжүүлэх асуудал Засгийн газар дээр явж байгаа юм байна лээ.

Манай аймаг бол үүнийг хүлээж амжилгүйгээр 7 сумаа оруулчихсан. Одоо үлдсэн 10 сумаа оруулна. Иргэний бүртгэлийн үйлчилгээг цахим болгочихвол юунд яагаад хэрэгтэй юм бэ гэхээр иргэн та жишээлбэл Улаанбаатар хотод банкнаас зээл авахад Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирж лавлагаа авдаг байсан бол ирэлгүйгээр, онлайнаар ТҮЦ машинаас лавлагаагаа аваад тэндээсээ зээлээ авах боломжтой болж байгаа юм. Тэндээ зээл авах материалаа өгчөөд барьцааны гэрээгээ манайд ирж бүртгүүлэх жишээтэй.

Энэ мэт банкнаас нэхдэг олон зүйлүүдийг манайд ирэхгүйгээр өөрөөр хэлбэл түүхчилсэн лавлагаагаа ТҮЦ машинаас авч болно. Цаасан баримт дээр суурилсан бүртгэл хийж байгаа үед иргэн ирээд хүсэлт гаргахад архиваас нөгөө хүний хувийн хэргийг дууддаг. Тэгээд нөгөө олон цаасаа бүгдийг нь үзэж харж байж бүртгэл хийх болдог. Хэрвээ цахим болчих юм бол дэлгэцнээсээ олон цаасаа хараад бүртгэл хийх үгүйгээ шийднэ. Үүнийг энэ ондоо багтаагаад хийх зорилт тавьж байгаа. Хэдийгээр улс орны эдийн засаг хүндхэн байгаа ч бид ирэх оны өдийд үлдсэн сумдаа цахимжуулсан байх болно оо.   

-Танай хэлтсийн тухайд өнгөрсөн жил хийсэн нэг томоохон ажил тань иргэдээс их талархал хүлээж байгаа. Мөн улсын бүртгэлийн байгууллагыг бусад байгууллагуудаас илүү, үлгэр жишээчээр технологийн шинэчлэлт хийсэн гэж ярих юм билээ. Энэ талаараа тодруулаач?

-Өнгөрсөн жил манай Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, аймгийн удирдлага, Ерөнхий газрын удирдлагатайгаа харилцан ярилцаж байгаад хамтран шийдвэрлэсний үр дүнд 240 км-ийн зайд оршдог хүн ам олноор суурьшдаг, томоохон сумдууддаа эд хөрөнгийн улсын бүртгэлийг онлайн хэлбэрээр хүргэх ажлыг хийсэн. Энэ ажил маань нэгдүгээрт маш олон жил яригдсан байсан.

Хоёрдугаарт иргэдийг ихээхэн бухимдуулдаг байсан. Иргэд маань өглөө галт тэргээр Сүхбаатарт ирж бүртгэлээ хийлгэдэг. Зарим тохиолдолд дутуу буруу материалтай ирээд буцдаг, 2-3 хонох шаардлага гарах тохиолдол ч гардаг байв. Энэ бүхэнд иргэд ихээхэн бухимддаг байлаа. Одоо бол бид үр шимийг нь хүртэж байна. Мандал, Баянгол сумдынхан орон нутагтаа, баруун таван сумынхан Сайхан суман дээрээс баталгаатай үйлчилгээгээ авдаг болсон. 270 км явдаг байсан бол 60-70 км явах болсон.

Энэ бол иргэдэд хүрсэн, хармааных нь мөнгийг хэмнэсэн, цаг хугацаа хожсон сайн ажил болсон. Иргэдээс маш их талархал хүлээж байгаа. Цаашид бүртгэлийн ажлыг аль болох иргэдэд ойртуулах, нааш цааш явуулахгүйгээр хийх боломжийг судалж байгаа. Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга оны сүүлээр батлагдаад он гараад хэрэгжиж эхэлсэн.

Энд хуулин дээрээ эрх зүйн хувьд иргэн онлайнаар хуулийн этгээдийнхээ нэрийг авах, дараа нь бүртгүүлсэн материалаа зөв бурууг нь улсын бүртгэгчээр хянуулах, зөв гээд хариу өгсөн тохиолдолд иргэн нэг удаа биеэрээ улсын бүртгэлээ хийлгээд гэрчилгээгээ аваад явах бололцоо нээгдсэн байгаа. Түүнээс гадна он гараад олон улсын стандартад нийцсэн биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээтэй гадаад паспорт хэрэглээнд орох гэж байна. Ингэснээр цаасан дээр олон юм бичих явдал үгүй болж хурууны хээгээр нь таниад л маягт нь хэвлэгдээд гарч ирээд паспортоо захиалаад авах болно.

Иргэд маань цахим үнэмлэхээ хаясан тохиолдолд ТҮЦ машинд хурууныхаа хээгээр өөрийнхөө мэдээллийг өгөхөд таны мэдээлэл уншигдаад өнөөдөр захиалгаа өглөө гэхэд 7 хоногт хоёр удаа хэвлэгдээд өөрийн тань харьяа суманд очсон байх жишээтэй. Мөн гадаад паспортыг гэрийн хаягаар нь хүргэж өгөх үйлчилгээ нэвтэрлээ. Энэ мэт иргэдийн цаг завыг, мөнгийг хэмнэсэн ажлууд нэлээд хийгдэж байгаа.

Жишээ нь манай аймаг улсын хэмжээнд хамгийн их хил нэвтрэх үнэмлэх олгодог аймаг. Бид жилд 100-120 мянган ширхэгийг олгодог. Нэг хүн өдөрт 500-1000 ширхэг үнэмлэхийг механикаар бичихэд ямар нэгэн байдлаар алдаа гардаг байсан.

Иймээс тухайн иргэний мэдээллийг оруулсан программ гаргаснаар энэ явдал арилсан. Одоо хил дээр иргэд буруу бичсэн учраас буцаж ирлээ гэх асуудал үгүй болсон. Монгол-Оросын иргэд харилцан визгүй зорчих болсноор гадаад паспортын сунгалт, захиалга нэлээд ихэссэн.

Бид ямарч хүндрэлгүй, харьяалал харгалзахгүйгээр паспорт сунгах үйлчилгээг хийж байгаа. 75 жилийн ойн өндөрлөгөөс харахад манай хамт олны хувьд ч гэсэн, УБЕГ-ын хувьд ч гэсэн хийсэн ажлууд ихтэй, хийхээр төлөвлөсөн ажлууд нэлээд ихтэй, хүсэл тэмүүлэлтэй, амжилт ололтоор дүүрэн ойгоо угтаж байна.

-Мэдээж ой угтаж хийсэн ажлууд нэлээд байгаа болов уу. Хэлтсийн зүгээс улсын бүртгэгч нараа чадавхижуулах тал дээр ямар ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа вэ?

-Энэ ойн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар болон аймгуудын улсын бүртгэлийн хэлтсүүдээр  олон арван бүтээлч ажлууд өрнөлөө. Үүний нэг нь “Улсын бүртгэл-75” гэсэн байгууллагын туг аймгууд дээр аялаж байна. Энэ туг манай аймагт 9-р сарын 25-наас 10-р сарбн 9-ний өдрүүдэд аялсан. Үүнтэй холбогдуулан бид төлөвлөгөө гарган ажиллалаа.

Энд сумдынхаа нийт бүртгэлийн ажилчдын намрын нэгдсэн сургалтыг зохион байгуулсан. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хууль зүйн яамны харьяа хэлтэс, агентлагуудын удирдлагуудын ажил хэргийн уулзалтыг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгууллаа. Түүнчлэн байгууллагынхаа үйл ажиллагаа, бүртгэлийн үйлчилгээний эрх зүйн орчныг иргэд, албан хаагчдад хүргэх зорилгоор 14 байгууллага дээр манай улсын бүртгэгч нар сургалтын материал, мэдээ мэдээлэл бэлтгэн явж сургалт, сурталчилгаа хийсэн байгаа.

Дээр нь ирээдүйн үйлчлүүлэгч нараа бэлтгэх зорилгоор аймгийн хэмжээний бүх ЕББДсургуулийн ахлах ангийн сурагчдад “Бүртгэл бидний амьдралд” сэдвээр сургалт зохион байгуулсан. Мөн сайн үйлсийн аянд оролцож, Сүхбаатар сумын 4-р багийн нэг өрхийг сонгон тэр өрхөд тал бүрийн тусламж, хандив өгөхөөр ажлын хэсэг ажилдаа гараад байна. Дээр нь хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах чиглэлээр уулзаж байгууллагынхаа үйл ажиллагааг ерөнхийд нь танилцууллаа.

Бас нэг онцлог ажил бол Сэлэнгэ аймаг бол газар тариалангийн нутаг. Тиймээс улсын хэмжээнд жишиг болохуйц аж ахуйн нэгжүүд дээр бид өөрсдөө хуулийн этгээдийн бүртгэл хийдэг хүмүүсийн хувьд ажилчин албан хаагчдаа компанийн үйл ажиллагаатай танилцуулах, төрийн байгууллагын албан хаагчдын дунд цэнгээнт нэвтрүүлэг явуулах, мөн сумдын улсын бүртгэгч нарын ажлын өрөөний нэгдсэн загварыг баталж гаргах гээд их олон ажлуудыг хийж амжууллаа.

Ер нь сумдад ажиллаж байгаа бүртгэгч нар дор хаяж нэг иймэрхүү мэдээллийг ил гаргасан байх ёстой. Ийм загвартай байх ёстой гэсэн байдлаар нэгдсэн загвартай байх ёстой. Энэ ажлыг хийхийн тулд төсөв хөрөнгийн талаар сумдын дарга нарт албан бичиг хүргүүлээд байна. Манай байгууллагын хувьд улсын төсөвт үйлчилгээний бүх орлогоо төвлөрүүлдэг. Бас орон нутгийн төсөвт мөн тодорхой хэмжээгээр төвлөрүүлдэг.

Ер нь бүртгэлийн үйлчилгээ маань орон нутгийн бүх иргэдэд хүрдэг. Ойлгомжтой, нээлттэй, давхардалгүй, хүнд сурталгүй байх ёстой. Энэ чиглэлээр нэлээд ажил хийгдэж байгаа. Бид боломжоороо хийсэн самбар, таниулах үзүүлэнгүүд бий. Бүртгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор, улсын бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр илтгэлийн уралдаан зарласан байгаа. Манай ажил үйлчилгээ маань яг л ажлын цагаар тасралтгүй явж байх ёстой. Сумдад нэг улсын бүртгэгч байдаг.

Хүний амьдрал болсон хойно янз бүрийн явдал тохиолдоно. Гэлээ гэхдээ орлоод хийх боломжоор хомсхон байдаг. Ажлаа орхиод боловсролоо дээшлүүлээд явах боломж хомс байдаг. Тийм учраас ажилтнуудаа ажлын байран дээр нь чадавхижуулах, хөгжүүлэх чиглэлээр нэлээд олон ажлуудыг хийж байгаа. Үүний нэг нь энэ илтгэлийн уралдаан байгаа юм. Илтгэлийн уралдаан маань онол арга зүйн судалгаан дээр суурилсан байгаа. 

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг