sonin.mn

Орон сууц барихаар ухсан нүх зэргэлдээх байрны даацад нөлөөлж магадгүй гэж иргэд үзжээ. Энэ болгоомжлолын дагуу Мэргэжлийн хяналт болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ханджээ.

Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу өнгөрсөн хавар нурангиас хамгаалсан элс, шороон хаалт хийсэн байна. Орхон аймгийн зургаадугаар хорооллын 14 дүгээр байрны дэргэдэх уг нүхийг ухаад 10 жил болж байна. Иргэн н.Бат-Эрдэнэ таван давхар орон сууц барина хэмээн 400 м.кв талбайн зөвшөөрөл авчихаад  барилгажилт хийлгүй ийн уджээ.

Газрын тухай хуулийн дагуу  хоёр жил өнжсөн газрыг хураадаг атал н.Бат-Эрдэнийн газар арван жил ийнхүү дархлагджээ. Харин өнгөрсөн хавар уг газрыг иргэн н.Цогтгэрэл худалдаж авсан тул Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар тухайн этгээдтэй харилцах болсон байна.

Барилгажилт хийхгүй, ухсан нүх нь зэргэлдээх байруудын даацад нөлөөлж зарим айлын цонх цуурсан гэж иргэд үзсэн тул мэргэжлийн байгууллага үзлэг, шалгалт хийсний дүнд ирэх хавраас барилгажилтаа эхэл гэсэн үүргийг н.Цогтгэрэлд өгчээ.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ

 

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг