sonin.mn

Байнгын хорооны даргад нэр дэвшигчийг дэмжив

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.10.13/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудал байлаа. Тус байнгын хорооны даргад нэрээ дэвшүүлэн олонхын санал авсан УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нэрээ татаж буйгаа мэдэгдсэн албан бичгийг УИХ-ын даргад ирүүлсэн тул

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг дахин хэлэлцэхээр оруулж ирж байна хэмээн хуралдааныг даргалж буй УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нэрээ татсан учир Д.Ганбат гишүүнийг тус байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн УИХ дахь АН-ын бүлгийн түрүүчийн шийдвэр хүчин төгөлдөр болохыг мэдэгдсэнээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшигч Д.Ганбатыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Үүний дараа Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг асуудлыг хэлэлцэх үед Улсын дээд шүүхээс дээрх хуультай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тодруулсан бөгөөд Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг тайлбар хийсэн.

Түүний тайлбарласнаар, цэргийн гэмт хэрэг, хар тамхитай холбоотой хэрэг, удаа дараагийн залилангийн хэрэг үйлдсэн хүн өршөөлд хамрагдаж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол байхгүй хэрэгт холбогдсон хүн өршөөлд хамрагдахааргүй байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан гэлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ц.Оюунгэрэл, Ц.Оюунбаатар нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан нар хуулийн төсөлтэй холбоотой зургаан саналын томьёоллоор чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэх үеэр санал хураалт явуулах горимын санал гаргасан юм. Тэрхүү горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийг

хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлт байлаа.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаараа Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг; Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 30 дугаар зүйлийн 30.1, 30.3, 30.4, 33 дугаар зүйлийн 33.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “... үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх ... эрхтэй.” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн юм.

Үндсэн хуулийн цэц Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт заасан “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна.”; Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...”, 27.2 дахь хэсгийн “Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно.”, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “... барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...”, 30.3 дахь хэсгийн “Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна.”, 30.4 дэх хэсгийн “Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.”, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол ...”, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн “... газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “... үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх ... эрхтэй.” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж нар байр сууриа илэрхийлсэн. Ингээд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн заалт тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн юм.

Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох хуулийн

төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг мөн шийдвэрлэв. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа.

Өнөөгийн байдлаар манай улсад зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектууд болон тэдний эрх, үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудаас гадна Гаалийн тухай хууль, Татварын ерөнхий хууль зэрэг салбар тус бүрийн хуулиар зохицуулж байна. Энэ байдал нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгохоос гадна зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлэх, хүний эрхийг журмаар хязгаарлах зэргээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Үндсэн хуулиар тунхагласан хүний эрхийг хангах явдал гажуудах нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн сайд танилцуулгадаа дурдсан.

Иймд дээрх асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үзэж зөрчлийг шалган тогтоох ажиллагааны явцад хүний халдашгүй эрхийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандартад оруулж тодорхой хуульчлах зорилгоор Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээний суурь зарчимд нийцүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Зөрчлийн тухай хуулийн төслөөр зөрчлийг гэмт хэргээс зааглан тодорхойлж, өнөөдөр Монгол Улсын нийт 230 гаруй хуульд заасан хууль зүйн нэгдсэн бодлогоор цэгцлэгдээгүй 1250 орчим зөрчлийг нэг стандартаар төрөлжүүлэн нэгтгэсэн бөгөөд зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтнаас харьяалан шийдвэрлэх зөрчлийг тодорхойлж, эрх хэмжээг зааглан тогтоосон байна.

Салбарын хүрээнд баталсан дүрэм, журмаар хүн, хуулийн этгээдийн эд зүйл, эзэмшил газарт үзлэг хийх, баримт бичиг, эд зүйл хураан авах, битүүмжлэх, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах зэрэг ажиллагааг хэрэгжүүлж байгааг өөрчилж, нэгдсэн журмаар зохицуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, зөрчил шалгах ажиллагааны төрөл, түүнийг хэрэгжүүлэх журмыг нарийвчлан тусгаснаар эрх бүхий албан тушаалтан ямар төрлийн зөрчилд холбогдуулан хүн, хуулийн этгээдийг шалгаж байгаагаас үл хамааран нийтлэг журмаар ажиллах, ингэснээр хууль хүн бүрт тэгш үйлчлэх эрх зүйн үндэс бүрдэх юм байна.

Түүнчлэн зөрчил шалгахтай холбоотой хүний эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээний төрлийг тогтоож, хэрэгжүүлэх журмыг нарийвчлан тогтоож, хяналтаас гадуур хүний эрхийг хязгаарлахыг хориглохоор заажээ. Хүнийг хэн болохыг нь тогтоох зорилгоор 6 цагаас илүү хугацаагаар саатуулахгүй бөгөөд харин согтуурсан, мансуурсан үедээ зөрчил үйлдсэн хүнийг 24 цаг хүртэл, хилийн дэглэм зөрчсөн хүний хувийн байдлыг тогтоох шаардлагатай бол 7 хоног хүртэл хугацаагаар прокурорын хяналтын доор саатуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд иргэн, хуулийн этгээд нь шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй байхаар зохицуулсан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Х.Тэмүүжин, Ё.Отгонбаяр нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин нар байр сууриа илэрхийлсэн. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн өдрийн хуралдаанаар Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.