sonin.mn

Дорноговь аймгийн Иххэт сум энэ жил ОНХС-ийн хөрөнгөөр хоёр том ажлыг нугалж чаджээ.  Уг нь ОНХС-гаас 300 гаруй сая төгрөгийн санхүүжилт авах ёстой байтал төсөв санхүүгийн хүндрэлээс болж 110 орчим саяыг авсан байна.

Дээрх хөрөнгөөр  хог цэвэрлэж, ангилан ялгах болон нэг цонхны үйлчилгээний төвийн барилгын засварын ажлыг гүйцэтгэх тендер зарлаж ажлаа эхэлсөн бөгөөд эдүгээ ажил дуусаж байгаа юм. Гүйцэтгэгч компани нийт санхүүжилтийн 50 хувийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээ, ёслол хүндэтгэлийн өргөө,  Иргэний танхимын өрөө тасалгааг  бүрэн засварлалаа. 

Харин  хог хаягдлын менежментийг сайжруулах  чиглэлээр хогийн цэгт хашаа барьж,  хогийн сав болон хогийн цэгийг хянах камер, нарны эрчим хүчээр ажилладаг гэрэл зэргийг шийдсэнээс гадна хогийн цэгт  албан ёсны манаачийг ажиллуулж байгаа юм. Ингэснээр  ахуйн хаягдлыг нэг хашаанд, уурын зуухны нүүрсний хог хаягдлыг мөн тусад нь, хоёр дахь түүхий эдийг ангилж ялгах, хэрэгцээтэй зүйлийг нь борлуулах гээд хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр  дэвшил гаргасан байна.   

Иххэт суманд усан хангамж хүндэрчээ

Дорноговь аймгийн Иххэт суманд хамгийн  тулгамдсан асуудлын нэг нь усан хангамж болжээ. Тус сум зэргэлдээх 18 км газарт байх Хэнтий аймгийн Дархан сумын нутгаас ундны усаа хоолойгоор татаж авдаг байсан  бөгөөд олон жил засвар  үйлчилгээ хийгээгүй удсан усан хангамжийн инженерийн шугам сүлжээ хагарч цоордог болсноор усаа татаж авах боломжгүй  болж хоёр жилийн нүүрийг үзэж байгаа юм. Одоо сумын төвд байдаг нэгэн жижиг худгаас  ундны усаа зөөврлөдөг бөгөөд энэ нь  ундны усны хэрэгцээг олон жил хангахад хүндрэлтэй байгаа аж.

Тус сум газрын гүнээс гарсан усыг хоолоогоор татаж нөөцөлдөг 1000 тоннын усан сантай хэдий ч сүүлийн жилүүдэд  огт цэвэрлэгээ хийгээгүйгээс болж бохирдсон  байна. Харин энэ жил ханыг нь хусаж, ариутгаж, бохир, хог хаягдлыг нь цэвэрлэжээ. Ноднин жил тус  сум 30 сая төгрөгийн хөрөнгөөр  мэргэжлийн байгууллагаар  усны хайгуул хийлгэж худаг гаргасан ч усны ундарга нь тааруу байсан тул зөвхөн мал ундаалахад ашиглаж буй юм.   Тиймээс тус сум хоёр дахь усны найдвартай эх үүсвэрийг   ойрын жилд  бий болгох шаардлага байгааг сумын Засаг дарга Х.Пүрэв өгүүлсэн юм.

Х.Эрдэнэбулган

 

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг