sonin.mn
Монгол Улсын сайд М.Энхсайхантай ярилцлаа.
 
-Монгол Улсын сайдаар томилогдсоноосоо хойш та Тавантолгойн гэрээний төслийг барьж авсан. Одоо Баярцогт сайд руу шилжсэн ч гэсэн гэрээний талаарх таны байр суурь үнэтэй, бас жинтэй байх нь гарцаагүй. Таны хар зургийг нь гаргасан гэрээний төсөл хэр өөрчлөгдөж байгаа бол?
 
-Мегатөсөл дээр хэлэлцээний ширээний ард сууж байгаа бүх талууд хэзээ ч “happy” байх ёсгүй юм. Хэрвээ та хийсэн гэрээндээ “happy” байгаа бол та эсрэг талаа хохироосон гэсэн үг. Цаг нь болохоор хийсэн гэрээ чинь төслийг унагана гэсэн үг л дээ. “Happy мегатөсөл” гэж байдаггүй. Үүнийг эхлээд ойлгох шаардлагатай байгаа.  Мегатөсөл урт хугацааны байдаг тул бүх талууд бие биенээ харилцан ойлголцсон, харилцан буулт хийж, харилцан ашигтай гэдгээ тооцоо судалгаагаар ойлголцсон байх ёстой байдаг. Миний толгойлсон Ажлын хэсэг хэлэлцээ хийхдээ энэ стратегийг анхнаасаа баримталсан. Тийм ч учраас хэлэлцээг богино хугацаанд 4-5 сарын дотор хийж үр дүнг Засгийн газарт илтгэсэн. УИХ-ын дарга уг асуудлыг Засгийн газраас татаж авч гацаасан. Бүр УИХ дээрээ хэлэлцэж ч чадаагүй. Мэргэжлийн бус хүмүүс, голдуу дунд боловсролтой популист дарганцрууд дэмий улстөржиж төслийг үндсэндээ гацааж чадсан.  Энэ бол харамсалтай бөгөөд улс төрийн хувьд АН-ын том алдаа. Ерөнхий сайд нам доторхи будилаанаа зохицуулах гэж хэлэлцээ хийх шинэ ажлын хэсэг байгуулж мэргэжлийн бус зарим хүмүүсийг “happy” байлгах саналыг нөгөө талдаа тавьж байгаа боловч өнгөрсөн хугацаанд нүүрсний зах зээлийн байдал огцом муудаж бараг авралгүй болчихоод байна.
 
Нөхцөл байдал үндсээрээ эргэлдсэн байгаа тул миний толгойлж байсан ажлын хэсгийн хийж байсан ажил горьдлого компанийханд тус болох нь юу л бол. Мегатөслийг хялбаршуулан ойлгож байгаагаас бүх алдаа эхтэй. Энэ бол мэргэжлийн хүмүүст бараг ил тод харагдаж байгаа асуудал.
 
 
-Төмөр зам нь тусдаа 51:49 гэсэн хувилбараар гэрээ байгуулна, үндсэн тохиролцоогоо бараг хийсэн гэж ярьж байна. Энэ хэр хувилбар юм бэ?
 
-Монгол Улс өөрөө мөнгөтэй бол байж болох хувилбар л даа. 51 хувь гэдэг нь Монгол тал 600 сая ам.доллар гаргах хэрэгтэй гэсэн үг. Мөнгө байхгүй тул эсрэг талаасаа зээл авна. Суурь бүтцийн 51 хувь өөрөө дангаараа ашиг өгнө гэж байхгүй. Төмөр зам дээр хэн оператор тээвэрлэгч компани байх уу, ямар үнэ тарифаар тээвэр хийх үү гээд өчнөөн асуудал үүснэ. Нүүрсээ үнэтэй тээвэрлэвэл тийм нүүрсийг авах хүн олдохгүй. Хямдхан тээвэрлэвэл авсан зээлээ бид төлж чадахгүй. Эцэст нь өрөнд унана. Өрнөөсөө болоод хамаг юмаа тавьж туух гай тохиож мэднэ. Тэгээд ч ийм схемээр Тавантолгой төсөл ашигтай байх магадлал байхгүй. Ер нь бол мөдгүй асуудал болсон биз ээ.
 
Эрсдэлээ хөрөнгө оруулагчдад үүрүүлээд тодорхой хугацааны дараа төмөр замаа төрдөө авсан бол зүгээр байсан юм. Одоо болтол ойлгоогүй, асуудлаа ойлгосон ч оройтсон байж магадгүй. 
 
-“Бид илүү их өвдөлт мэдрэх болно” хэмээн та хэлсэн байсан. Энэ мэдээж эдийн засгийн хор хохирлын талаар хэлсэн байж таарна. Ирэх оны төсөвт тэр “илүү их өвдөлт”-ийн зах зухаас мэдрэгдэх үү? Эсвэл бүүр их олон жилийн дараах том хохирлыг та хэлээд байна уу?
 
-Тавантолгой төсөл зөвхөн нүүрсний төсөл биш унаж яваа эдийн засагт зөөлөвч болох төсөл байсан. Хэзээ нэгэн цагт алсдаа энэ төсөл бүтэх байх. Горьдлого тээх нь бас хэрэгтэй байж болох юм. Тэр хүртлээ хямралтай нүүр тулахаас өөр сонголтгүй боллоо. Үүнийг л ойлгуулах гэж би “өвдөлт” гэдэг үг хэллэг хэрэглээд байгаа юм. “Өвдөлт” дөнгөж л эхэлж байна. Монголын эдийн засгийн хувьд 2016, 2017, 2018 он хамгийн хэцүү он жил болно. Гарцаа зөв олохгүй бол цааших он жилүүд ч мөн хэцүүднэ. Юунаас болоод өвдөөд байгаа талаар бодох цаг болжээ. 2016 оны сонгууль угтсан улстөржилт монголчууд биднийг ухаажуулахад тус болоосой гэж бодож байна.
 
-Манай түүхий эдийн хамгийн том хэрэглэгч Хятадын эдийн засаг хоёр хувиар буурсан. Энэ бол нүүрсэн зараад эдийн засгаа хөгжүүлнэ гэж төсвөө зохиодог бидэнд маш хохиролтой мэдээ. Ер нь нүүрсээ зөөхөөс өөрөөр эдийн засгаа аврах боломж Монголд байхгүй юу?
 
-Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац ийм эрчимтэй саарна гэдгийг бараг хэн ч таагаагүй. Зах зээл дээр паник үүсгэхгүйн тулд ОУВС “Хятадын эдийн засгийн өсөлт нь төлөвлөгөөтэй буурч байгаа” гэсэн үгээр тайвшруулж байгаа. Харин ОУВС Хятадын зах зээлээс хамаарч байгаа орнуудад хүнд цаг үе ирж байгааг эртнээс анхааруулж байгаа. Манай эдийн засгийг сайтар мэдэх гаднынхан танай байдал “эвгүй” болж байгаа гэдгийг сануулаад эртнээс олон талт тусламжийн байгууллагууд руу дөхөж ажиллахыг зөвлөж байгаа.
 
-Ирэх оны төсвийн төслөөс харахад иргэдийн нуруун дээр чамгүй ачаа ирэх бололтой. Ямар гарц байна?
 
-Хэдэн дарга нарын цалинг бууруулснаар эдийн засгийн хямралын асуудал шийдэгдэхгүй. Харин байдал асар муу байгааг дарга нар нь түрүүлж ойлгох, түүгээр дамжаад олон түмэн хямралтай нүүр тулж байгаа юм байна гэдгийг ойлгуулахад энэ арга хэмжээ хэрэгтэй байгаа юм. Зардлыг бүх талаар бууруулах асуудал бол ирэх жилүүдийн үндсэн стратеги. Дэлхий тэр чигээрээ ийм байхад бидэнд өөр сонголт байхгүй.
 
Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөх суперцикл барагцаалбал 2000-2012 оны хооронд болж өнгөрлөө. Үнэ өсч байх үед дарга нар “буянтан” байлаа. Бүгдээрээ амлалт өгч байсан. Түүнийгээ бас мэр сэр биелүүлж байсан. Суперциклээ дагаад тэдний нэр хүнд ч өсч байсан. Хамгийн сүүлчийн амлалт нь сая, 1,5 сая төгрөгийн амлалт байсан. Одоо бол тийм бололцоо байхгүй. Суперцикл дууссан тул “буянтан” дарга нарын үе бас дуусч байна. Хямралаас цэгцтэй гарах шинэ бодлого хэрэгтэй болсон байна.
 
Суперциклээс авах сургамж бол бидний монголчууд байгалийн баялгаар баян биш гэдгээ ойлгох явдал гэж хэлмээр байна. Өөрсдийгөө баян гээд бодчихоор цээж өвчтэй болохоос гадна ардчилсан тогтолцоогоор дамжиж төрийн бодлого гажуудах үндэс бий болж ирсэн байна. Өөрийгөө баян гээд бодчихоор хөрөнгө оруулагчаа хөөх, том том мега мөрөөдөл ярьж цаг алдах, Чингис, Самурай бонд зарж үр ашиггүй үрэн таран хийх нөхцөлийг бий болгосон. Одоо өрөнд унасан орон болчихоод байна. Бид үнэхээр баян уу? Нэг ам дөрвөлжин метр газар нутгийн доор буй байгалийн баялгийг үнэлгээнд оруулбал хөгжингүй орнуудын энэ үзүүлэлт 125 000 ам доллар, хөгжиж буй орнуудынх 25 000 ам доллар, Монголынх 1 ам доллар хүрэхгүй байна. Сэтгэлгээний хувьд бодит хөрсөндөө буух хэрэгтэй. Тэгэж чадвал дараа дараачийн алхмуудыг олж болно.
 
-Энэ бүхэнтэй зэрэгцээд Засгийн газраа хөдөлгөх операци АН дотор өрнөж байх шиг байна. МҮАН ямар байр суурьтай байгаа вэ. МҮАН-ын даргын үгийн сонсъё?
 
-АН улс төрийн хувьд  амиа хорлох үйлдэл арай ч хийхгүй биз гэж найдаж байна.
 
-Эвсэл байгуулсан намын дарга нарын хувьд та Энхбаяр даргатай уулзаж байгаа юу. Санал бодлоо солилцож байгаа юу?
 
-Тэр хүн завгүй, би ч завгүй л явах юм байна шүү дээ. Бодлогын асуудлаар амархаан ойлголцож болох байлгүй дээ.
 
-Нэлээд олон жилийн “хослол” явлаа. Одоо харин эвслийг тарах нь, Энхбаяр дарга нүүрээ бууруулах нь гэсэн яриа их гарах болжээ. Ирэх сонгууль хүртэл энэ эвсэл тэсэх үү, эсвэл задрах уу?
 
-МҮАН байгуулагдаад 10 жил болж байна. МАХН байгуулагдаад 4 жил л болж байна. Хамтарч ажлаад дөрвөн жил л болж байна даа. МАН-аас тасарч байгуулагдах үеэс нь эхэлж хамтарч байгаа. Тусыг тус гэж үзэх эсэх асуудал хувь хүмүүсийн өөрсдийн хэрэг. Эвслийн хувь заяа хэрхэх асуудлыг ярих эрт байна.
 
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин
 
С.Ононтуул
 
М.Энхсайханы албан ёсны зөвшөөрөлтэйгээр нийтлэв.