sonin.mn

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр ирэх 4000 орчим зочид, төлөөлөгчийг байрлуулахаар 44 зочид буудал сонгогдсон бөгөөд тэдгээрт хамтран ажиллах итгэмжлэл  гардуулах ёслол өнөөдөр "Blue sky" зочид боллоо.

Ирэх 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд эдгээр зочид буудлуудын үйл ажиллагааг чанаржуулах, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, менежментийг сайжруулах, үйлчилгээний чанар, өнгө үзэмжийг дээшлүүлэх, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих нөхцөл бүхий болзолт уралдааныг ёслолын ажиллагааны үеэр мөн зарлав.

Ёслолын ажиллагааг нээж  ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг хэлэхдээ, "Энэ өдрөөс эхлэн эдгээр зочид буудлуудыг АСЕМ-ын дээд түвшний уулзалтын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах түнш зочид буудал хэмээн албан ёсоор гадаад, дотоодод зарлан, зочдын бүртгэлийн ажлыг эхлүүлнэ. Засгийн газраас 150 тэрбум төгрөгийн зээлийг сонгогдсон 44 зочид буудалд 6 жилийн хугацаатай 9 хувийн хүүтэй өгөх бөгөөд зочид төлөөлөгчдийг ая тухтай байлгаж, тэдний аюулгүй байдлыг хангах, зочид буудлын үйл ажиллагааг дээшлүүлэх зорилготой болзолт уралдааныг энэ сарын 20-ноос 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зарлаж буй бөгөөд тодорхой шалгуураар "АСЕМ-ын түнш, зочид буудал"-ыг шалгаруулж урамшуулна" гэлээ.

Мөн ЕТГ-ын дарга буюу АСЕМ-ыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн Байр, зочид буудал хариуцсан Ажлын хэсгийн дарга П.Цагаан итгэмжлэгдсэн зочид буудлуудыг нэрлэж итгэмжлэлийг нь гардуулав.

Баянгол, Улаанбаатар, Чингис, Шангрелла, Хаан палас, Сүнжингранд, Корпорэйт, Туушин, Рамада, Их тэнгэр, Өргөө, Наранбулаг, Пумма империал, Бишрэлт, Спрингс, Альфа, Рояал хаус, Сант-Асар, Дөлгөөн нуур, Амарбаясгалант, Эделвайс зэрэг 44 зочид буудал итгэмжлэл гардав.

П.Цагаан, "Гадаадын олон орны өндөр дээд хэмжээний зочид, 1000-аад сэтгүүлч Монголын талаар ямар ойлголттой буцах нь биднээс шалтгаална. Айлд  нөхрийнх нь нэрээр зочилж эзэгтэйн нэрээр гардаг гэдэг шиг. Та бидний хичээл зүтгэл энд үнэхээр чухал. Энэ ажлын хүрээнд дипломат дэг жаягаас эхлээд 2800 хүнд 12 мэргэжлээр сургалт явуулна. Тодорхой шалгуураар "АСЕМ-ын түнш, тэргүүний зочид буудал"-ыг шалгаруулж урамшуулна" гэлээ.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг