sonin.mn
 
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэж байгаа зарим аж ахуй нэгжүүд 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн урьдчилан мэдэгдэлгүй, хүндэтгэх шалтгаангүй ажил хаялт хийж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. 
 
Тиймээс нийслэлийн удирлдагын зөвлөл өчигдөр хуралдаж энэхүү асуудлыг хэлэлцээд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин,  иргэдийг хохироож  байгаа компаниудтай хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн юм.Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийтийн тээвэрт үүсэд байгаа асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Нийтийн тээвэрт “Ухаалаг тээврийн систем” нэвтрүүлэх ажил нь нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан ажил бөгөөд  “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон  цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулах эрхийг 8 сард  нийслэлийн Засаг даргад олгосон.

2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ерөнхий гэрээг  дэмжих” тухай 152 дугаар тогтоолоор уг гэрээ дэмжигдэж улмаар 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн засаг дарга, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Дата карт консорциум” хооронд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”  байгуулагдсан.  
 
Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Хамтарсан компани байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу  Нийслэлийн өмчийн оролцоотой “Улаанбаатар смарт карт” компани байгуулагдан төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулагдан  “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналт, мэдээллийн болон цахим төлбөрийн /BMS, BIS, e-ticketing/ системийг цогцоор нь ашиглалтанд оруулахаар ажилласан. Улаанбаатар смарт карт нь БНСУ-ын Сөүл хотын хөрөнгө оруулалтай компани бөгөөд Сөүл хотын ИТХ-ын шийдвэрээр Улаанбаатар хотод нийтийн тээврийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажилд зориулан  хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн байна.

Дэлхийн олон оронд нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг амжилттай нэвтрүүлсэн Сөүлийн Т-money компани нь Улаанбаатар смарт карт компанитай хамтран 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон  цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.

 Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2015 оны 04 дүгээр сараас эхлэн 2 сарын хугацаанд удирдлага, мэдээлэл болон цахим төлбөрийн  карт унших иж бүрэн тоног төхөөрөмжийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн  нэгж байгууллагын 1 251 тээврийн хэрэгсэлд бүрэн суурилуулсан.
 
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн үйлчилгээг хотын иргэд үнэлэж,  10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр үйлчлүүлдэг нийт иргэдийн 70 гаруй хувь нь цахим картаа худалдан авсан байна.

Улаанбаатар смарт карт ХХК-иас ирүүлсэн албан ёсны мэдээллээр 10 дугаар сарын 1-ний байдлаар  нийт  449 400 ширхэг цахим төлбөрийн картыг 1.438.080.000 төгрөгөөр борлуулан иргэдэд олгожээ.

Цахим картын борлуулалтын тоог төрлөөр нь задлаж харуулбал:
 
  • Энгийн карт -  274589 ширхэг
  • Хүүхдийн карт /Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид/ -  65430 ширхэг
  •  Ахмад настны карт - 78151 ширхэг
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн карт - 23836 ширхэг
  • Оюутан, сурагчдын карт - 7594 ширхэг
 
Улаанбаатар смарт карт  ХХК нь гэрээнийхээ дагуу нийтийн тээвэрт төвлөрч байгаа орлогын 10 хувийг авч,  үлдсэн хувийг Нийслэлийн тээврийн газарт өгч байгаа бөгөөд нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудад хувиарлаж байгаа юм.  Улаанбаатар смарт карт” ХКК-иас  нийт 10 гаруй тэрбум төгрөгийг нийслэлийн Тээврийн газарт гэрээний дагуу шилжүүлсэн гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.

Нийслэлийн санхүү төрийн сангаас лхагва гарагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд  8, 9 дүгээр сарын 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн байна.  Цаашид дамжин суултын хөнгөлөлтийн асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэж нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэллээ.
 
Мөн хот  гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж,  шаардлагатай санхүүжилтийг хийсэн байхад удаа дараа ийм шахалт үзүүлвэл дараагийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.