sonin.mn

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюанийн манай улсад хийх айлчлал өчигдөр эхэлсэн.

Чан Ваньцюанийг дагалдаж Бээжингийн цэргийн тойргийн Улс төрийн комиссарын орлогч дарга, дэслэгч генерал Гао Дунлу, Шинжааны цэргийн тойргийн Улс төрийн комиссар, хошууч генерал Ли Вэй, Цэргийн төв зөвлөлийн Тамгын газрын орлогч дарга, хошууч генерал Ван Аньлун, Батлан хамгаалах яамны Гадаад харилцааны Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Зи Гуовэй нарын төлөөлөгчид ажиллаж байна.

Хурандаа генерал Чан Ваньцюань өнөөдөр Монголын Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар Батлан хамгаалах яаманд уулзаж, албан ёсны хэлэлцээ хийж, "Туслалжийн хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа. Хоёр улсын Батлан хамгаалахын сайд нарын уулзалт, хэлэлцээрт Монголын талаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны ГХАГ-ын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нарын төлөөлөгчид оролцов.  БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань Талын Монголд айлчилж байгаадаа таатай байна.

Хоёр орны батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагаа өндөр төвшинд хөгжиж байгааг онцлоод БНХАУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах салбарт үзүүлэх буцалтгүй тусламжаа нэмснээ хэлэв.

Цаашид Энхийг дэмжих ажиллагааны сонгон шалгаруулалт, сонгуульт албан тушаалд өрсөлдөж байгаа цэргийн алба хаагчдаа харилцан дэмжих, НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй бүс нутаг, газар орны талаар мэдээлэл солилцох, шаардлагатай үед хүн хүч, техникээр харилцан туслах нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ. Энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх саналтай байгааг хоёр тал онцолжээ. Энэ удаагийн айлчлал нь 15 жилийн дараа БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаагаар онцлог юм.

БНХАУ-ын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхаж, БХИС-д зочлохоор төлөвлөжээ.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг