sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төсвийн тодотголын талаарх танилцуулгыг хийсэн юм. Танилцуулгатай холбогдуулж гишүүд сонирхсон асуудлаа тодруулж асуулга тавив. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Яамдаа цөөлөх хэрэгтэй.

Тухайлбал, Дэд бүтцийн яам гэхэд бялуу хуваалтын үр дүнд дөрөв, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг хоёр болгож хуваасан. Эдгээр яамдаа цөөлж, хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх нь зүйтэй. Оны сүүлчээр эдийн засаг их хүндэрнэ шүү. Ирэх оны зургадугаар сараас яамаа цөөлнө гэж байна. Энэ ажлыг яаравчлах хэрэгтэй байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэд хэдэн асуулт тавьсаны дотор “Өвөрхангайн багш нар оны сүүлчээр цалингаа авч чадахгүйд хүрч, 928 сая төгрөг дутаж буй талаар ярьж байна. Үүнийг яаж шийдэх гэж байна вэ” гэв.

Сангийн сайд Б.Болор, “Улсын эдийн засаг хүнд байгааг хаа хаанаа ойлгож байгаа. Гэхдээ эмч багш, цэрэг цагдаагийнхан цалингаа тогтмол авч байгаа. Ганц нэг хоцорсон тохиолдол гарсан байж магадгүй. Багш нарын цалин он дуустал бүрэн тавигдаад явна. Салбарын яамнаас багш нарын цалингийн асуудлыг тодруулах хэрэгтэй. Сангийн яамны хувьд цаг хугацаанд нь санхүүжилтээ хийгээд явж байна” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, “Төрийн албан хаагчдын цалинг бууруулах асуудал байж болохгүй. Энэ бүх хүмүүс чинь цалингаа тооцоолоод орон сууцны зээл авсан байгаа. Алсдаа энэ нь банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг доголдуулах хэмжээнд хүргэх юм биш биз” гэж байлаа.

Ерөнхий сайд төрийн албан хаагчийн цалин гэлтгүй ахмад настны тэтгэврийг ч цаг хугацаанд олгох чиглэлийг Засгийн газар барьж ажиллаж байгааг онцолсон бөгөөд мөн эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарч байгаа гэв. 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг