sonin.mn
Өнөө цагт Монгол Улсад хаа сайгуй христийн шашинтнуудыг хавчин боох үзэгдэл газар авч байна гэж хэлж болохоор болжээ. Энгийн иргэд энэ тухай юу ч мэдэхгүй, эсвэл мэдэхийг хүсдэггүй бөгөөд одоогоор “чимээгүй олонх”-ыг бүрдүүлж байна.
 
Гэтэл христийн итгэгчид хохирсоор л... Шашин шүтлэгээр хавчин гадуурхалд өртөгсдийн тоо гаргах оролдлогыг одоо хүртэл хэн ч хийгээгүй байна. Орчин үед Монголд амьдарч байгаа Христийн шашинтнууд ямар байдалтай байгааг дараах цөөн жишээ харуулна.
 
Итгэл нэгт анд А.Наранбатын ярьснаар, Монголд шашны хавчлагад орж, байнгын дарамтад байсан
А.Баярмаагийн гэр бүл Монголоос золоор эсэн мэнд зугтан гарч чаджээ. А.Баярмаа нь гэр бүлээрээ “Их чуулган" сүмийн итгэгч байж.
Гэвч байнгын дарамт, амь бие, эрүүл мэндэд нь учрах аюул заналаас болж аргагүйн эрхэнд эх орноосоо дайжин гарчээ.
 
Тэдний гэр бүлийг нэр ус нь үл мэдэгдэх бүлэг этгээдүүд шашин шүтлэг,. үндэс угсаа (Баярмаагийн гэр бүл нь орос хүн юм)-гаар нь ялгаварлан гадуурхаж, нэг бус удаа амь биед нь халдахаар санаархаж байжээ. Өнөөдрийн байдлаар “Их чуулган" сүмийг бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүй гэсэн шалтгаар хааж, пастор Ким Джи Шин (БНСУ-ын иргэн)-ийг гэр бүлээр нь Монголоос албадан гаргажээ. Тус сүмийн итгэгчдийн эсрэг хийгдсэн удаа дараагийн халдлагыг шалгаж өгөхийг хууль хяналтын байгууллагуудаас хүссэн боловч “Зөрчил тогтоогдохгүй байна" гэж тайлбар тавьдаг юмсанж.
 
2015 оны хаврын адгаар “Сион” сүмийн итгэгч Б.Болор- Эрдэнэ нөхөр, зургаан настай охиныхоо хамт мөн л Монголоос дайжин гарахад хүрчээ. Сүмийн итгэгчдийн яриагаар, тэд шашны гадуурхал, мөрдөн мөшгилтөөс болж толгой хорогдох газар хайн хоног төөрүүлж явжээ. Төрөл садныхан нь Б.Болор- Эрдэнийг гэр бүлийнхээ хамт тайван амьдралыг хайж гадаад улс руу гарч явсан гэдгийг хэлжээ.
 
Өнгөрөгч 10-р сарын 4-нд “Загалмай” сүмийн пастор Г.Гантулга, итгэгчдийг Ж.Ундрамын гэр бүлийн төлөө залбирахыг хүсчээ. Учир нь тус сүмийн итгэгч Ж.Ундрам нөхөр, хүүхдийнхээ хамт сураггүй болоод долоо хоног орчим хугацаа өнгөрсөн аж. Хамгийн сүүлд тэднийг Улаанбаатар хотын төвд явж байхыг нь харсан бөгөөд одоог хүртэл сураг нь гараагүй байна.
 
Төр засаг юу болоод байгааг анзаарч харахыг хүсэхгүй байна гэж үү. Монгол дахь Христийн Баптист урсгалын итгэгчдийн хэлж буйгаар, сүүлийн хоёр жилд Монголд христийн шашинтнуудыг бөөрөлхөх, хавчих явдал газар аваад байгаа гэнэ. Гэвч бурхны ариун хүмүүс тэднийг нөмрөөд буй энэ харанхуй бүхнийг залбирлаараа даван гарч, сайн цаг ирэхийг хүлээж сууна. Сүсэг бишрэлээр хяхан боох, мөрдөн мөшгих явдалд эцэс ирж, Монгол дахь христчүүд сайн мэдээг айдас хүйдэсгүй, чөлөөтэй дэлгэрүүлэх цаг иртүгэй хэмээн залбиръя!
 
“Шинэ гэрээ” сүмийн пастор П.Цоож
Эх сурвалж: "Монголы үнэн" сонин