sonin.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Аж ахуйн нэгжид барилга барих тусгай зөвшөөрлийг 28 хоногт олгодог байсныг 10 хоног болгож өөрчлөхөөр тусгасан байна. Мөн барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, даатгалын асуудал болон барилгын чанар, стандартын талаар чухал заалтууд орсон хэмээн БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Иргэдээс орон сууцны барилгын нэгдүгээр давхарт шөнийн цэнгээний газар ажиллаж, тав тухыг нь алдагдуулдаг талаар гомдол ирдэг. Мөн барилга хоорондын зай зөрчигдөж, айл өрхийн цонхыг хааж орон сууц барих тохиолдол гардаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ хэмээн асуув. Уг асуултад БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ Хуулийн төсөлд барилгын үйл ажиллагааны үндсэн шаардлагыг тусгасан. Мөн шөнийн цэнгээний газрын талаар тодорхой заалт байхгүй. Барилга хоорондын зайны асуудлыг Хот байгуулалтын хуульд тодорхой заасан” гэсэн хариулт өглөө.

Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Барилга барих талбайд ногоон байгууламж болон нийтийн эзэмшлийн талбайн эзлэх хэмжээг хэрхэн заах вэ. Мөн автомашины зогсоолгүй автомашинуудыг хэрхэн зохицуулах вэ хэмээн тодруулсан.

БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай зэргийг Хот байгуулалтын тухай хуульд нарийн зааж өгсөн. Нийт талбайн 30 хувь ногоон байгууламж байх ёстой. Автозогсоолын тухай, Ногоон байгууламжийн тухай тусгайлсан хуулийн төслийг боловсруулж байгаа хэмээн хариуллаа.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.5 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг