sonin.mn

Монгол Улсын баатар М.Икейн дурсгалын хөшөөг засварлахаар орон нутгийн төсвөөс есөн сая төгрөгийн хөрөнгө зарцуулах болсон тухай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Өлгий сумын М.Икейн нэрэмжит нэгдүгээр бүрэн дунд сургуулийн дэргэд байрласан энэхүү дурсгалын хөшөөг түүний мэндэлсний зуун жилийн ойгоор гоё сайхан болгох нь зүйн хэрэг биз. Гэвч 1984 онд босгогдсон энэ хөшөө элэгдэж хуучраагүй тул улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд ийм их хэмжээний мөнгө гаргах ямар шаардлага гарсан бэ гэж эргэлздэг хүмүүс бий.

Нөгөө талаар албан ёсны бичиг баримтуудад М.Икей баатар 1915 онд биш 1911 онд төрсөнөөр тэмдэглэгдсэн гэж зарим нь ярьдаг. Өөр нэг нь энэ хөшөөн дэх М.Икей (баримлын дүрс) дайсан руугаа урагшаа давшиж яваа мөртлөө буугаа ар тийшээгээ харуулан буудаж байгаа нь дайснаас зугтаж байгаа мэтээр бодогддог тул энэ алдааг залруулахын тулд их мөнгө гаргах хэрэгтэй болоо биз гэж таамаглаж байна. Иймд аймгийн ЗДТГ-аас хөшөөнд чухам ямар засвар хийх тухай олон нийтэд ил тод тайлбар өгөөгүй байна.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг